Tuesday, May 1, 2007

Хөдөөгийн баясгалан

Би багадаа зуныхаа амралтаар хөдөө очиж амардаг байлаа. Амрах ч гэж дээ тэнд очиж баахан зарагддаг л байлаа. Гэхдээ тэнд очиж зарагдах ямар гоё гээч. Уйдана гэсэн тооцоо ч байхгүй шүү дээ. Өглөө босоод адуундаа явна (ээлжтэй), адуугаа авчраад гүүгээ барина, хот малтана, хонь хариулна, хонь хариулах завсраараа саамны цагаар гэртээ ирж гүүгээ татна, орой болохоор үхэр хураана, тугал татна, гүүгээ тавьж адуугаа зална, үхрээ хурааж тугалаа хашна, тэгээд хөхүүрэндээ саамаа хийж айргаа бүлнэ, бүлж дуусаад морьдоо чөдөрлөөд унтацгаана. Жаахан суух ч завгүй. Энэ цикл өдөр болгон давтагдана. Гэхдээ л би хөдөө амрах их дуртай. Энд би дан ажлуудыг нь бичлээ. Амралтууд бас бий. Хааяа бөөндөө сууж байгаад айргаа том хулаар дүүргээд хоорондоо хуруудах нь хуруудаж дэмбээдэх нь дэмбээдэж “цагаан морь хартлаа” (айргаар бөөлжих) айраг ууна шүү дээ. Бид нар хааяа гүүн зэлэн дээрээ эмнэг сургадаг( их хөгжилтэй). Даагануудыг барьж аваад хазаарлаад шууд эмээлгүй морддог. Хэд овогоноод л шидүүлчихнэ. Тэгээд л бөөн инээдэм болно шүү дээ. Намар тийшээгээ самар жимсэнд явдаг(бас л нэг амралт, бас л хөгжилтэй). Ер нь тэгээд хөдөөний сайхан юмнуудыг нь тоочоод барахгүй. Би нээрээ багадаа их аймхай хүүхэд байсан. Орой харанхуй болсон хойно ганц нэг үхэр дутуу байвал хайгаад л явна. Тэгэж явахдаа хаанаас юу (чоно, баавгай) гараад ирэх бол гээд л элдэв юм бодоод л ийш тийшээ нүдээ бүлтийтэл хараад л, ядаж байхад морь байс хийгээд л юмнаас үргэнэ, тэгэхэд нь дотор пал хийгээд л явчихдаг байлаа(ямар азаар калап нь хаагдчихаагүй юм). Намар болохоор хадланд явна. Эр хүний жаргал эзгүй хээрээ гэж. Гэрээс авчирсан бэлэн хүнс идээд л, тарвага агнаж идээд л, өглөө оройн сэрүүнд жаахан өвс хадсан болчихоод л амралтанд байгаа юм шиг л налайна шүү дээ. Ер нь тэгээд бичвэл миний хувьд хөдөөтэй холбоотой дурсамж барагдахгүй их юм байна аа. Залхуу хүрчихлээ.

3 comments:

  1. Дээгий хөдөөгийн сайханы тухай залхууралгүй бич л дээ. Би ч гэсэн багадаа зун болгон хөдөө л байдаг байсан. Хөдөө үнэхээр сайхан шүү.

    ReplyDelete
  2. Надтай яг адилхан юм байна.Жил болгон явдаг байж билээ.Хотын хүүхэд мөртлөө зун ерөөсөө хото байж үзээгүй найз нар намар ирэхэд зуслан явснаа яриад л мөн их атаархдаг байж билээ.Тэгэхдээ хөдөө ч сайхан шүү яг миний хйидэг ажлууд байна.Хамгийн лайтай нь өдрийн халуунд хонь хүзүүдэх ажил байж билээ.Хамгийн сайхан нь хэдэн дүү нартайгаа өдөр болгон усанд орох арьс бүүр холцруутчихдаг.Аа бас ах нар наадмын өмнө морь уях би өөрөө чамгүй морь уначихдаг байлаа сумын наадамд 6 жил унасан даа.Яагаад сайхан бэ гэхээр өдөр морь үсэргэх цаг яг нөгөө хамгийн лайтай ажилтай давхцана.Тиймээс маш дуртай байж билээ.Наадмыг үгүй мөн их хүлээдэг байсан даа гэж..За за бахан хадуурчлаа.Сайхан бичлэг байна үргэлжлүүлэрэй.

    ReplyDelete
  3. Сайн уу, Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.

    http://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html

    ReplyDelete