Saturday, November 8, 2008

Өнгөрсөн нэг жилд.

Блогтоо бичлэг нэмэлгүй бүтэн нэг жил гаруй болжээ. Миний блогийг мэддэг, уншдаг, сэтгэлээсээ коммент үлдээдэг хүмүүс маань урам нь хугараад миний блогийг өөрийн найз блогеруудын жагсаалтаас хассан байна. Арга ч үгүй биз. За ингээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу болж өнгөрөв өө гэж. Дуулгах том сонин гэвэл би аав болсон. Охинтой болсон. Аа харин охиныхоо ээжийг нь блогтоо сүүлийн бичлэгээ оруулж байх үедээ найрч байсан юм. Жил гаруйханы өмнө үерхээд одоо нэг сартай охинтой байж байна гэхээр та нарт итгэмээргүй санагдаж байна уу? Тэгсэн л юм даа (хэхэ :-P). Бид үерхээд гурван сар болсоны дараа л хүүхэдтэй болохоор шийдсэн юм. Би л лав өөрийгөө хэт яарсан гэж бодохгүй байгаа. Хүмүүс хоорондоо “Энэ хоёр яасан хурдан амжуулдын. Энэ хоёр гоол алдсан байх аа” гэх мэтийн хов жив ярьсан л байх. Хүмүүс юу ч ярьж болно. Гол нь тэрийг нь тоохгүй байвал л болдог юм байна гэдгийг ойлгосон. Би урьд нь хүмүүс намайг муу хэлэхвий гэхээс их айдаг байлаа. Гэхдээ тэгэж биеэ барьж, эсвэл хуурамч сайн хүний дүр үзүүлж байх утгагүй юм гэж боддог болсон. Байгаагаараа л байхыг хичээдэг болсон. Ажлын хувьд гэвэл хийдэг л ажлаа хийгээд, авдаг л цалингаа аваад явж байгаа. Цалин нэмэгдсэн ч юмны үнэ өссөн учир чанарын ялгаа бараг гараагүй. Тайлан тавьж байгаа юм шиг сонин юмнууд бичээд байх юм. Хэхэ. Эцэг болсоны сонин хачинаас бичдэг юм билүү. Яг үнэнийг хэлэхэд эцэг хүний үүрэг хариуцлага гэдгийг яг одооноос ойлгож эхэлж байна. Хүмүүс эхлээд эцэг болох бэлтгэлээ хийчихээд, харин дараа нь хүүхэдтэй болдог байх. Миний хувьд бол хүүхэдтэй болчихоод сар болж байж ямар нэгэн хариуцлагын талаар одооноос л бодох боллоо. Би нэг хэсэг компьютерийн тоглоомонд их орсон байсан. Жаахан ичмээр л юм л даа. Гэхдээ энэ үнэн шүү. Би бага байхын л тийм юманд нугасгүй байсан юм. Эхлээд хужаагийн тетрис, дараа нь сега, плэйстэйшн гээд л бүгдийг нь алгасалгүй тоглож өссөн л дөө. Би тоглож байх үедээ их шартай байдаг юм байна лээ. Би өөрөө анзаардаггүй байсан юм. Заавал ялж байж салах гэж нойроо хасан байж шөнөжин тоглоно( заримдаа ). Тоглож байх үедээ бусад хүн саад болвол их уурладаг. Эхнэрээ ч хэд хэд гомдоогоод авсан. Ер нь олон удаа тоглоомноос болж эхнэрээ гомдоож байсан л даа. Би нэг залуугийн талаарх яриаг найз нараасаа сонсож байсан юм. Тухайн үед нээх тоогоогүй л дээ. Харин дараа нь надад тэр залуутай адил зүйл ажиглагдаж эхэлсэн. Тэр залуу яасан гэхлээр над шиг л тоглоом тоглох дуртай залуу байж. Эхнэр нь мэдээж тэрэнд нь дургүй, боль гэж үглэдэг байсан юм байх. Тэгээд нэг өдөр тоглоомноос болж эхнэрээ зодчихож. Тэр үйлдэлдээ маш их харамсаж явдаг тухай манай нэг найз ярьж байсан. Би хэдийгээр хичнээн түргэн ууртай ч тэр залуу шиг тоглоомноос болж эхнэрээ зодохгүй л дээ. Гэхдээ эхнэртээ уурлаж муухай аашилна гэдэг чинь тэр хирээний зан гаргасантай адил гэдгийг би ойлгох болсон. Гэхдээ би ойлголоо гээд тоглоом тоглохоо больж чадаагүй л дээ. Гэхдээ би хүслээ хязгаарлаж сурч байгаа. Тоглоом тогловол нэг юмуу хоёр цаг тоглоод л больж сурч байгаа. Сүүлийн бүтэн долоо хоног нэг ч удаа тоглоомонд гар хүрээгүй. Энэ бол миний хувьд их дэвшил. Урьд нь бол дор хаяж гурав хоногт заавал нэг удаа хоёроос таван цагийг тоглоомонд зарцуулдаг байлаа. Гэймерүүдийн хувьд энэ жижиг үзүүлэлт боловч над шиг ажил амьдралтай хүний хувьд арай л их цаг зарцуулж байна аа гэсэн үг. Ер нь цаашдаа тоглоом тоглохгүй байхаар шийдээд байгаа. Найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх үүднээс хаяадаа нэг тоглохыг үгүйсгэхгүй л дээ. Бусдаар бол гэртээ солиотой юм шиг компьютерийн хиймэл оюунтай тоглож цаг заваа дэмий юманд гарздахгүй байхаар шийдсэн. Зөвхөн тоглоомны хувьд ч биш өөр бусад зүйл дээр. Жишээлбэл би нэг хэсэг тамхи их татдаг болсон байсан. Хүмүүс татахаар дуурайж татсаар байгаад тамхинд бараг л орох шахсан байсан. Ганцаараа байх үедаа тамхи санаанд ордоггүй. Харин хүн хажууд татвал татахгүй байж чаддаггүй болчихсон. Тамхинд орж байгаагийн шинж байх л даа. Би сүүлийн долоо хоног бас л гүрийж байгаа. Миний хажууд хүн тамхи татахад би татахыг хүссэн ч тэвчиж байгаа. Би магадгүй бүр тамхинд орчихсон байсан бол ингэж гүрийж чадахгүй байсан байх л даа. Ямар ч байсан орохоосоо өмнө өөрийгөө татаж авч байгаадаа баяртай байгаа. Энэ мэтийн жижиг сажиг өөрчлөлтүүдийг хийхэд охин маань их нөлөөлж байгаа. За за утгагүй баахан юмнууд биччихлээ. Залхууг тань хүргэсэн бол сорри. Би үе үе стресст их ордог. Дараагийн бичлэгт сүүлийн үеийн миний стрессийн гол шалтгаан болоод байгаа зүйлийн талаар бичих болно. Хүнд юмаа ярьчихвал нээх сайхан болчихдог шүү дээ. Тэрэн шиг л блог дээрээ биччихвэл хүнтэй ярьсан юм шиг болчихдог юм. За дараа уулзая.

Wednesday, October 22, 2008

Блог минь тоосонд дарагдсан байна

Сайн байцгаана уу? Миний өөрт тохиолдсон хэрэгтэй хэрэггүй явдлаа, үзэл бодлоо, баяр гунигаа, нууцаа хуваалцдаг энэ блогийг минь уншдагт баярлалаа. Намайг бичлэг нэмэхгүй нилээд удсан болохоор хүмүүс ч одоо орж үзэхгүй биз дээ. Гэхдээ би гол нь хүмүүст уншуулах гэж бичдэггүй юм аа. Одооноос эхлэн хааяа ч гэсэн бичлэг нэмж байх санаатай байгаа.