Saturday, April 21, 2007

"Үгүй" ...

Би томрох тусам аавыгаа дуурайгаад байгаадаа уур хүрч байна. Ялангуяа аавынхаа хүмүүст “үгүй” гэж чаддаггүй занг нь дуурайгаад байгаадаа бүүр ч их дургүй хүрч байна. Хүн нэг юм гуйхаар нь үгүй гэж чадахгүй өөрийнхөө ажлыг алдан барин нөгөө юмыг нь хийж өгнө. Нөгөө хүнээс хариуд нь "баярлалаа" гэдэг үг л сонсоно. Гэхдээ энэнд ч нэг их алдаад байх юм байхгүй л дээ. Хүнээс чин сэтгэлээсээ хэлсэн “баярлалаа” гэдэг үгийг нь сонсох ч сайхан л даа. Би 10 жилдээ ангидаа л хамгийн сурлагатай нь байсан. Яагаад гэвэл надтай өрсөлддөг байсан нөхдүүд бүгд гүнзгий, лицей энэ тэр лүү яваад өгчихсөн. Намайг явах гэхээр ангийн багш жаахан дургүй байсан болохоор би бас л үгүй гэж хэлж чадалгүй ангидаа үлддэг байлаа. Тэгээд л шалгалт болохоор нөгөө тааруухан сурлагатнууд чинь ар өврөөс хатгаад л энийг бодоод өгчих гээд л гуйна. Бас л үгүй гэж чадахгүй тэрийг нь бодоод өөрийнхийгөө бодож амжихгүй тааруухан дүн авах тохиолдол гардаг л байлаа. Одоо тэр үед надаар тэгэж шалгалтан дээр бодлого бодуулж муу дүн авахаас аврагдаж байсан нөхдүүд хаана ч явдаг юм бүү мэд. Одоо таарсан ч тэд нар намайг таних ч үгүй байх. Бүүр конкурсэн дээр хүртэл хүүхдийг хуваарьтай болгож л явсан. Тэр хүүхэд ноднин намайг танихгүй юм шиг дээгүүр хараад л зөрж байна лээ. За тэр хүнд тус болоод дараа нь нөгөө хүн мартах ч яаахав нэг их сүртэй юм биш. “Үгүй” гэж хэлж чаддаггүйн нэг том гай бас байна аа. Би саяхан 10 жилийн ангийнхаа нэг найзад хэдэн компьютер засч өгөөд 10 цаас авсан. Тэгээд тэр найзтайгаа, бас 10 жилийн бас нэг найзтайгаа 3 уулаа заал авахаар болоод гарсан чинь нөгөө найзын маань дээд сургуулийн нэг найз нь цуг тоглоё гээд тэгээд 4 үүлээ заал авлаа. Сайхан ч тоглолоо. Тэгээд гараад явж байтал нөгөө дээд сургуулийн найз нь нэг юм ууя гээд надаас асуулаа. Би ч үгүй гэж хэлж чадалгүй “даврахгүй л бол болно шд” гэсэн чинь нөгөө нөхөр нэг юм авлаа. Ууж дуусаад нөгөө гарууд ахиад давардаг байна шд. Дотроо дургүй хүрсэн ч гэсэн одоо яах вэ дээ удаан уулзаагүй 10 жилийн найз маань гуйгаад байхад яаж ч чадсангүй дараагийн юмыг нь би авсан. Тэгээд л 10 цааснаас маань заал 1000, архи авсан 3000, таксидсан 2000 гээд надад ердөө л 4 цаас л үлдсэн. “Үгүй” гэж чадахгүйн гай гэж... Намайг бага байхад манайх боломжийн амьдралтай айл шиг л айл байсан. Би ч хүүхдүүдийн хэрэглэдэг бүгдийг л хэрэглэдэг байсан. Унадаг дугуй, компьютер тоглоом гээд л... Даан ч манай аав архинд орж эхэлсэн. Бас л нөгөө “үгүй” гэж хэлж чаддаггүйгээсээ болж. Манай аав техникийн талын мэдлэг сайтай. Баганууртаа л юм засахдаа “number one” байсан юм. Хүмүүс гуйгаад юм аа засуулаад дараа нь түүнийхээ хариуд архи өгдөг. Тэр үед аав маань бас Багануурын анхны телевиз болох “Ноён ТВ”-ийг санаачлан байгуулсан юм. Тэгээд бас хүмүүс гуйж бичлэг энэ тэр хийлгээд бас л архи өгдөг байсан. Амьдрал дампуурч эхэлсэн. Тэгсээр байгаад бүүр намайг 9-р ангид байхад манайх байраа зараад гэр хороолол руу нүүсэн. Тэр үед надад ямар хэцүү байсан гэж санана. Би юу ч хийж чадахгүй бацаан мод хагалах гэж байж гараа аймар цавчсан. Одоо болтол би гар дээрээ том соривтой тэр нь даарахаар өвддөг. Би ёстой аавд маань архи өгсөн хүмүүсийг бүгдийг нь алах юмсан гэж боддог байсан. Миний амьдралыг ийм хүнд хэцүү болгосон тэр хүмүүсийг үнэхээр их үзэн яддаг байлаа. Гэхдээ хамгийн гол буруутай нь аав маань шүү дээ. Тэр хүмүүст “үгүй” гэж хэлж чадахгүй архинд орж л байдаг. Миний аав бол сайхан сэтгэлтэй сайн хүн, би аавыгаа энэ бүгдэд буруутгадаг ч гэсэн би аавдаа их хайртай. Одоо бол миний амьдрал өөр болсон миний амьдрал ганцхан надаас л шалтгаалах болсон. Би л аавын алдааг давтахгүй бол болоо. Гэтэл дуурайгаад байгаа нь надад хэцүү л санагддаг. Гэхдээ миний ирээдүй гэрэлтэй байна. Бүх юм сайхан болно.

10 comments:

  1. Үгүй гэж хэлж сурах чамаас өөрөөс чинь шалтгаалах байхаа. Үгүй гэж хэлж чадахгүй байна гэдэг бол сул дорой байгаагийн илэрхийлэл юм. Хүмүүс чамайг үгүй гэж хэлж чадахгүйг мэдээд хамаг юмаа хийлгэдэг ч юм билүү хэн мэдлээ. Гэхдээ үүнийг нээх хүндээр битгий ойлгоорой. Хэрвээ чи "ҮГҮЙ" гээд л хэлчих юм бол боллоо шүү дээ. Ингэж хэлэхэд үнэхээр хэцүү байсан ч юу ч бодолгүй нүдээ аниж байгаад зүгээр л ҮГҮЙ гээд л хэлчих. Тэгээд л бүх юм сайхан болно гэдэгт итгээрэй. Амжилт хүсье...

    ReplyDelete
  2. torboldtoi sanal neg baina aa, ugui gej zaaval helj surah heregtei, tegehgui bol chi uuriiguu hezee ch uneluulj chadahgui. Hun hundee tuslalgui l yahav gehdee hamgiin turuund urdaar ooriihoo yumaa hiij buteeged tsag zai garval busdad tusalj demjij yavaarai. Es tegvel hen chamaig gej bodoj yum be, ooroos chin oor hun hen ch bodohgui shuu dee. Za amjilt husey, zunduu ih bichleg hiij baigaarai

    ReplyDelete
  3. энэ их сонин бичлэг болжээ. баярлав. үгүй гэж шууд хэлэхээс илүүтэйгээр цаад хүндээ харцаараа өөр утгаар дамжуулж ойлгуулж хэлэх нь зүгээр болов уу. Японд агаар унших, күүки ёму гэж нэг хэллэг бий. хэрвээ цаад хүмүүс чинь агаарыг уншиж чадахгүй, чамаас юм гуйгаад байвал тийм хүмүүсээс аль болох зайгаа барьсан нь дээр. гэснээс чи ямар Чанвутай адилхан залуу вэ. эсвэл өөр зураг тавьчихвуу. яг Өвлийн хайрын дуугийн нөгөө Чанвуу ч билүү Чанаагүй ч билүү залуу харагдаад болдоггүй

    ReplyDelete
  4. ингээд хараад байсан чинь миний блогийг овоо хэдэн хүмүүс уншсан бололтой. баярлав. хүмүүсийн зөвлөгөө ч надад таалагдлаа. зургийн хувьд бол миний Чанвуг дуурайлгаж зурсан зураг л даа. тэрнээс биш би өөрөө ийм гоё залуу биш л дээ.

    ReplyDelete
  5. Үгүй гэж хэлж чадахгүй байх хэцүү. Надад ч тийм үе байсан. Хэн ч юу ч гуйсан үгүй гэж хэлж чаддаггүй. Харин дараа нь завгүй байна, дараа болъё гэж булзааруулж сурсан даа. Эсвэл элдэв янзын шалтаг тоочдог болсон. Уул нь муу арга л даа, гэхдээ хичээгээд хэрэглэж чадвал сүүлдээ үгүй гэж хэлж чаддаг болчихдог юм. Энэ аргыг хэрэглээд үзээрэй. Амжилт хүсье.

    ReplyDelete
  6. Үе үе үгүй гэж зоригтойгоор хэлж сур гэж өөдрөг явхыг 25 санамж дээр байдаг шүү дээ. Надад заримдаа үгүй гэж хэлэж үнэхээр хэцүү байдаг. Надад ч бас үгүй гэж хэлж чаддаггүй зангаасаа болоод дампуу явсан үе ч бий. Гэхдээ би сүүлийн үед өөрт хэрэггүй зүйлдээ баттай үгүй гэж хэлхийг хичээдэг болсон ер нь бол хэлж байгаа. Гэхдээ хэлэх гээхээр бөөн юм бодогдоно Жишээлбэл энэ намайг ноширчийн гэж бодно доо. Сүүлд би ч бас үүнийг гуйх үе таарах ч юм билүү гэх зэргийн. Харин үгүй гэдэг үгийг зөв цагт зөв үед эргэлт буцалгүйгээр хэлж сурвал надад их зүгээр санагддаг.

    ReplyDelete
  7. Нэг зүйл бичихээ мартсан байна. Энэ бичлэг үнэхээр гоё болжээ. Олон хүнд умшуулмаар үзүүлмээр бичлэг байна. Цаашид олон гоё бичлэгүүдийг бичээрэй. Амжилт шүү

    ReplyDelete
  8. Санал бодлоо энгийнээр сайхан хуваалцсан бачрлалаа.Тэр архи авж байгаа энэ тэр яг л энгийн бодит амьдрал шүү дээ одоогийн залуусын.
    Би саяхан блогтой боллоо.Архаг блогчидын бичлэгийг угшиж барахгүйл юм даа.

    ReplyDelete
  9. Хөөх сонин юм. Уул нь би л бараг ганцаараа "Үгүй" гэж хэлж чаддаггүй байх гэж боджийсон чинь, өөр бас нэг нь ингэж хэлж чаддаггүй байхийн, ашгүй би лав ганцаараа тийм биш гэсэн чинь санаа амарчихлаа.

    Хүмүүс нээх ядаргаа царайлаад хамаг зовлонгоо тоочоод ирэхээр нь татгалзах бас л хэцүү шүү тээ

    ReplyDelete
  10. Хүн өөрийнхөөрөө байх шиг сайхан зүйл байхгүй. Хэрвээ чи ҮГҮЙ гэж хэлэхийг хүсч байвал шууд л хэлж байх хэрэгтэй. Өөрийнхөө бодол санаагаа бусдад ойлгуулж, үзэл бодол, хүсэл эрмэлзэлдээ тууштай зүтгэх хэрэгтэй гэж боддог. Надад ч гэсэн хүнд туслаад өгөөч гэсэн олон тохиолдлууд байдаг. Эхлээд би сонсоод дараа нь туслах эсэхээ шийддэг. Гэхдээ ихэнх тохиолдолд сайхан сэтгэл хөдлөөд туслачихдаг. Гэхдээ би үүндээ нэг их харамсаад байдаггүй.

    ReplyDelete