За жаахан улс төржөөдөхвөл яадаг юм бол. Би бол жирийн нэг Монгол залуу. Дуугүй, мөрөөрөө ажлаа хийж, ар гэрээ тэжээнэ. Ажил хийж авсан арван цааснаасаа улсдаа татвараа төлнө. Одоогоос 6,7 жилийн өмнө сонсоод амаа ангайдаг байсан цалингаа одоо авч байгаа боловч энэ нь одоо дундаж цалин болж, мөн аж амьдралд хүрэхээ больж. Дээр нь татвар... Төрдөө татвараа төлөх нь зүйн хэрэг. Гэвч над мэтийн жирийн залуусын нойр хоолоо хасаж, эрүүл мэндээ үл хайхран хөдөлмөрлөж авсан цалингаасаа төлж байгаа тэр татварын мөнгөөр баян улс төрчийн бандгар бацаан жийп авч унаад, хажуудаа найз охиноо суулгачихсан малийчихсан явж байгаа гэж бодохоор харамсалтай санагдаад байх юм. Монголд өнөөдөр ийм л байгаа шүү дээ. Энэ бохир заваан нийгмийн тогтолцоог хэн бий болгосон юм бэ? МАХН биш гэж үү?. Энхбаяр биш гэж үү? За боль л доо мөн шдээ залуусаа. Бидний сонголт буруу байна шдээ. Монгол улс бол харьцангуй залуу улс гэж би боддог. Мэдээж хөгшчүүл бий л дээ. Тэдний ихэнх нь Ху намаа өөрсдийг нь алж байсан ч дэмжиж чадах тийм л сэтгэхүйтэй хүмүүс байгаа. Харин залуучууд бол өөр шүү дээ. Гэтэл ээж аавыхаа дэмждэг нам гээд Ху намыг дэмждэг залуучууд байх юм. Төрийн албанд орох гэж Ху намын гишүүн болж байгаа хүмүүс, тэр албандаа үлдэх гэж Ху намаа хууль бусаар сонгуульд гаргаж байгаа хүмүүс ямар олон байна вэ. Тэгээд 7 сарын 1нд сонголтыг нь луйвардсан гэж жагссан хүмүүсийг яалаа... Олон улсын шалгарсан арга болох жагсаалыг үймэн самуун болгох аргыг хэрэглэж эргээд жагссан хүмүүсийг буруутан болгож,буу зэвсэг хэрэглэж хүний алтан амийг хороон байж тараасан биз дээ. Тэгээд бас болоогүй ээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг 4 хоног хааж, МАХН-ын суртал ухуулгын зэвсэг болох МҮОНТв-ээр 4 хоног хүмүүсийн тархийг угаасан. Ганц нэг шударга мэдээ гарсан л даа. Тэрийг гаргасан баагийнууд ажилгүй болсон байх. Яг 7 сарын 1ний орой хариж явахад хүмүүс дийлэнх нь ард түмнийхээ талд байсан. “Энэ хүмүүсийн зөв шдэ. МАХН дандаа ингэж сонгууль будлиантуулдаг. Байр нь шатсан хохь нь” гэх хүмүүс их таарч байсан. Харин 2,3 хоногийн дараа хүмүүсийн яриа шал эсрэг болсон байсан. “Батзандан, Магнай нараас болж...” гэж бараг бүх хүмүүс ярьдаг болчихсон байсан. Үнэн хэрэгтээ тэр хоёр гэнэн баачка нар гол удирдаад зохион байгуулчихсан хүмүүс биш шүү дээ. Хүмүүс угаасаа л бухимдалтай байсан. Сонгууль яалтачгүй л будлиантай болсон шүү дээ. Миний мэдэх бараг бүх л хүмүүс ардчилсан намд саналаа өгнө гэж байсан. Гэтэл сонгуулийн үр дүн шал өөр гарсан. Магадгүй та “миний таньдаг бүх л хүмүүс Ху Нам-д өгнө гэж байсан. Сонгууль шударга л болсон шүү дээ” гэж магадгүй л дээ. Гээд бодохоор ядаж 50%:50%-ийн суудал авмаар юм. Гэтэл... За за энэ ч яахав өнгөрсөн хэрэг. Гэхдээ би л лав одоо айж байна. Хэрвээ төрийн мэдлийг атгаж байгаа тэр авилгач нөхдүүд миний эрх ашгийг аймшигтайгаар зөрчлөө(одоо ч тэгэж л байгаа л даа) гэхэд би л лав эрх ашгаа хамгаалах гэсэн хүмүүсийн жагсаал цуглаанд нэгдэх зориг хүрэхгүй байх. 7сарын 1 шиг, тэрнээс ч аюултай юм болох магадлал бараг 99% байх. Үхэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Ер нь монголчууд их дасан зохицохдоо сайн улс юм. Тийм юм болчихоод байхад юу ч болоогүй юм шиг л амьдарсаар. Манжийн дарангуйлалд дасан зохицоод бүтэн хоёр зуу гаруй жил дарлүүлж байж тэвчээр нь барагдсан. Намайг энэ бүгдийг бичихээр намайг АН-ыг дэмждэг хүн гэж хүмүүс ойлгож байгаа байх. Гэхдээ үнэн хэрэгтээ намдаа байгаа юм биш ээ. Тэр намын нэр “АН” байна уу “МАХН” байна уу надад хамаа байхгүй. Гол нь намын толгойд байгаа тэр намыг чиглүүлж байгаа хүмүүст л учир байгаа юм. МАХН-ыг Энхбаяр удирддаг. Харин АН-ыг яг тэр хүн удирддаг гэхэд хэцүү. Эндээс л дотроо хүртэл ардчилалтай гэдэг нь харагдаад байгаа юм. Ер нь тэгээд ямар ч нам төрийн толгойд гараад удах юм бол бохирдох нь тодорхой. МАХН олон жил завсаргүй төрийг барьлаа. Монголчуудын амьдрал тасралтгүй уруудсаар ирсэн. Магадгүй цөөн хэдэн хүн өм цөм баяжсан нь монгол улс дэвшсэн өөдөлсөн юм шиг санагдаж магадгүй. Сайн харвал тийм биш ээ. Миний хувьд энэ хоёр том намыг болж өгвөл ээлжлэн сонгож байвал зүгээр юм шиг байгаа юм. Авилга болон бусад бохир заваан юмныхаа сүлжээг үүсгэж бэхжүүлэхээс нь өмнө нөгөө намыг нь гаргаад байвал зүгээр юм шиг. Эсвэл нэгнийхээ хийж эхлүүлсэн зүйлийг ямар ч хэрэггүй болгоод байх юм болов уу. Гэхдээ би л лав тэгэж бодохгүй байна. За за ингээд бичээд байвал олон юм бичнэ дээ. Дуусгая. Та бүгдээс гуйхад “Энэ удаад Энхбаяр л биш шүү. Please!!!”. Хэрвээ Энхбаяр гарчихвал би энэ постоо устгана аа. Надыг яах ч юм билээ :-P
Sunday, May 3, 2009
Thursday, January 15, 2009
Стрест нэг ороол нэг гараал
Saturday, November 8, 2008
Өнгөрсөн нэг жилд.
Wednesday, October 22, 2008
Блог минь тоосонд дарагдсан байна
Sunday, September 23, 2007
Хар дарсан зүүд
Дотор нээх сонин болоод 10 жилд сурч байсан үе санаанд ороод байна. Одоо бодоход хүмүүсийн хажууд гайгүй ч гэсэн өөрийнхөө хувьд уйлмаар амьдралыг туулсан юм шиг санагдаж байна. Намайг жаахан байхад манайх айл шиг л айл байлаа. Би ч хүүхдүүдийн эдэлдэг болгоныг л бараг эдэлдэг байлаа. Компьютер тоглоом унадаг дугуй гэх мэт. Энэ талаар би “Үгүй” бичлэгтээ бичиж байсан. Одоо санаж байгаагаар 3-р анги хүртлээ би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг байжээ. Манай ээжийн талын хамаатан саднууд бүгд хөдөөний улсууд байдаг байлаа. Одоо ихэнх нь төврүү орцгоосон. Зан сайтай айлд хүн болгон цуглана, замаг сайтай нууранд шувуу бүхэн цуглана гэгчээр манайхаар хүний хөл тасрахаа больж эхэллээ. Манайх ам бүл 7 уулаа, дээр нь хамаатны хүмүүсээс дор хаяж 3 хүн манайд байнга амьдардаг. 10 болон түүнээс дээш хүнийг ганцхан муу ээж маань тэжээдэг байлаа. Үүнээс болоод мөнгө хүрэхээ байж амьдрал хэцүү болж эхэлсэн. Өрөнд орж ээж маань цалингаа аваад л өрөнд өгчихдөг байлаа. Бид их өлсдөг байлаа. Аргагүй шүү дээ. Орой л хоол идээд маргааш орой хүртэл хоосон явдаг байсан юм чинь. Ээж маань яаж ийгээд л хоосон хонуулдаггүй байлаа. Би нэг өдөр биеийн тамирын хичээл дээр ухаан алдаж унах дөхсөн шүү. Бүтэн цаг дэглүүлчихсэн чинь толгой эргээд л гуйваад явчихсан. Хэрвээ тэгэхэд би унасан бол насны онигоо болох байсан байхдаа. Ээж бага дүүг маань төрүүлж ажлаа хийхээ больсон. Харин аав маань ажил хийдэг болсон. Яах вэ боломжийн байдаг байлаа. “Үгүй” гэж хэлж чаддаггүйгээсээ болж аав маань архинд орж амьдрал бүүр новш болж эхэлсэн. Шөнө болгон аав согтуу ирж, тэгээд бас зүгээр байхгүй хүүхдүүд дундаасаа зөвхөн намайг л дуудаж босгоод дарамталдаг байлаа. “Чи айлын ганц эрэгтэй хүүхэд. Чи хатуу чанга хүн болох ёстой. Чи эгчийнхээ үгнээс гарах ёсгүй” гэх мэтийн үлэг болсон сургаалиа намайг номхон зогсоож байгаад л айлддаг байлаа. Шалихгүй ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл байсан юм байна одоо бодоход. Би бүр их сонин сонин юм боддог байлаа. Би аавын хүүхэд биш байх, болдог бол ээжээс асуучих юмсан гэх мэтийн гажиг юмнуудыг их боддог байсан. Бас заримдаа бүүр амиа хоролчмоор ч санагддаг үе байсан. Архи хүнийг жинхэнэ новш болгох юм даа. Эрүүлдээ манай аав шиг сайн хүн байхгүй юм шиг санагддаг. Гэтэл архи гээч хүнийг тийм өөр болгох юм даа. Аавыг орой эрүүл ирүүлээч гээч би бараг өдөр болгон залбирдаг байлаа. Надад тэр үед 10 төг ч мөнгө байлаа. Аавын ажил дээрээс аавын найз нартайгаа хоосолж хаясан архины шилийг нь цуглуулж тушаагаад хоолтой хонодог байлаа. Даахгүй нохой булуу хураана гэгчээр аав маань юм хийнээ гээл хэрэгтэй хэрэггүй новш их цуглуулна. Тэрнээс нь би трансформатор энэ тэрийнх нь зэсийг нь ялгаж аваад тушаачихдаг байлаа. Дараа нь загнуулнаа. Гэхдээ яаахав дээ ямар өлсөж үхэлтэй биш. Яаж би хулгайч болчоогүй юм. Тийм хэцүү амьдарч байсан байж би нэг ч удаа хүний юмыг зөвшөөрөлгүй авч байгаагүй юм шүү. Гэхдээ аавыг маань муу хүн гэж битгий бодоорой. Бид нарт маш их хайртай, магадгүй бидний нэгэнд нь золгүй явдал тохиолдлоо гэхэд дагаад үхчихэж ч мэдэх бид нарт маш их хайртай бас их эмзэгхэн хүн л дээ. Архи уухаараа л хүн биш. Ашгүй хүн гэдэг өсөх нь сайхан юм даа. Би ч том болсон аав ч номхон зогсоохоо больсон. Харин эсрэгээрээ би аавыг согтуу ирэхээр нь дарамталдаг болж эхэллээ. Аав маань ч хариугүй жаахан биетэй юм даа. 9-р ангид байхад би бүүр тэвчээр алдраад аавыг зодчихсон. Архи уулаа гэж бас бид нарыг тэжээж чадахгүй юм бол яах гэж төрүүлсэн юм бэ гэж. Тэр үедээ их зөв юм хийсэн юм шиг санагдаж байсан ч би тэрэндээ их харамсдаг. Бид нарыг тэжээх гээл хоол унд муутай ядарч турсан аавыгаа тэгэж зодсондоо маш их харамсдаг. Тэр үеийн амьдралыг бодохоор хар дарсан зүүд шиг л санагдаж байна. Сая бичиж байхад хоолой зангираад дотор сонин болж байна шүү. Би 10 жилдээ охинтой үерхэж үзээгүй. Онгирч байгаа юм биш л дээ надад хааяа охиноос захиа ирдэг л байлаа. Би идэх хоолоо яаая гэж байж юун найз охин энэ тэр вэ. Хэцүү биз дээ. Гэхдээ тэр үеийн сайхан дурсамжтай зүйлүүд ч бий. 10 жил ч гоё шүү хэхэ. Гэхдээ элэг бүтэн, эрүүл саруул өссөндөө хамгаас их баярлах юм даа. Одоо ч амьдрал сайжраад сүйд болсон юм байхгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан өлсгөлөн гэдэстэй уранхай хувцастай явахгүй л байна. Гэнэт яагаад багын дурсамж санаанд орвоо гэхээр би юмны үнэ хэт нэмэгдсэн талаар бодож байгаад л энэ нэмэгдэлт тэр үед болсон бол яах байсан болоо гэж гэнэт бодчихсон. Нээрээ л тэр үед ингэж нэмэгдсэн бол яах байсан юм болоо. Одоо миний тэр үеийнх шиг амьдралтай хүмүүст энэ үнийн хөөрөгдөл яаж тусч байгаа болоо. Бодохоос аймар. Ерөөсөө бодохгүй ээ. Стресст орохын нэмэр… Өө нээрээ намайг таньдаг хүмүүс миний энэ бичлэгийг уншсаныхаа дараа надтай харьцдаг харьцаагаа өөрчлөхгүй байхыг хүсье. Би ийм амьдралтай гэдгээ байнга л нуудаг байсан. Хоол хүнсний юмгүй болчоод л найзаасаа мөнгө гуйхдаа “Найздаа мөнгө зээлээч. Найзын төрсөн өдөр болчоод” ч гэдэг юм уу шал худлаа хэлж зээлнэ. Хэн ч байсан тэгэх л байх л даа. Би тэр үед хэнтэй ч зовлонгоо хуваалцаж байгаагүй. Гэнэт бичмээр санагдаад л биччихлээ. Ойлгоно биз дээ.
Monday, August 27, 2007
Надад зөвлөгөө өгөөч
Блогдоо бичлэг нэмсэнгүй их удлаа. Үүний шалтгаан нь бусад хүмүүсийнх шиг завгүй байсан биш, харин ч хэтэрхий завтай байснаас болсон юм шиг байна. Сонин юм шүү зав муутай байхдаа бичих юм олдоод байдаг байсан хирнээ зав гайгүй болохоор бичих юм олдохгүй юм. Сүүлийн 4 долоо хоногт хэлтсийн дарга амарсан учраас би гэдэг хүн ажлын цагаар интернетээр хэсэх, оройн цагаар “дота” тоглох гэсэн хоёрхон л ажлыг хийж байлаа. Тийм болохоор бичих юм олдохгүй байсан байх л даа. Нөгөө уншдаг байсан блогуудаараа ч орж уншсангүй удлаа. Одоо тэгтэл хэлтсийн дарга ажилдаа орж миний ажлаа хийх үе эхлэхэд хүмүүсийн блогоор орж уншиж, өөрийнхөө блог дээр бичлэг нэмж эхэлж байх юм. Энэ бүхний шалтгаан нь миний нэг хамгийн сул тал болох “өөрийгөө дайчлах чадваргүй” гэдэг зүйлээс л болоод байгаа юм. Энэнээс болж би олон боломжийг алдсан, алдаж байгаа, алдсаар ч байх юм шиг байна. Заавал хүний шахалт, шаардлагаар юм хийдэг. Өөрөө өөрийгөө дайчилж юм хийнэ гэж байхгүй. Ёстой сонин. Би энэ сул талаа арилгаж чадвал одоо байгаагаасаа хавьгүй илүү хүн болох боломжтой санагдаад байгаа юм. Харин миний давуу тал бол ямар ч юмыг оролдвол сурчихдаг. Тэгтэл сул тал нь дийлээд юуг ч өөрөө сонирхож оролддоггүй. Би тийм залхуу юм болов уу гэхээр үгүй юм шиг байгаа юм. Бодоод үзэхээр өглөө босоод, орой унтах хүртлээ бараг ганц ч хормыг зүв зүгээр сууж дэмий өнгөрүүлсэн удаа байхгүй юм шиг. Тэгэхээр би залхуу хүн биш. Зөвхөн өөрийгөө дайчлах чадваргүй нэгэн. Би үүнийгээ аль эрт мэдсэн, засахыг маш олон удаа хичээж байсан. Ажилд орох анкетан дээрээ хүртэл “таны сул тал” гэсэн талбарыг “өөрийгөө дайчлахдаа муу” гэж бөглөөд, дараа нь ярилцлаган дээр “өөрийгөө дайчлахдаа муу хүнийг ажилд авна гэдэг хэцүү л байна” гэж хэлүүлж байлаа шд. Би та бүгдээс зөвлөгөө авмаар байна.
- Энэ сул талыг яаж арилгах вэ?
- Өөрийгөө хэрхэн дайчилж сурах вэ?
- Цагийг яаж үр ашигтай ашиглах вэ?
- Яаж ном уншиж сурах вэ? Миний дургүй зүйл ном унших. Энэ бол бас л нэг том сул тал.
- Англи хэлийг яаж бие даан сурах вэ? Энэ бараг нэн түрүүнд тавигдаад байгаа шаардлага.
Энэ бүгдэд та бүхэн зөвлөгөө өгвөл, мөн санаа оноогоо хуваалцвал би их баярлах болно шүү.
Нээрээ өнөөдөр миний төрсөн өдөр шд. Өглөө дөнгөж сэрэхэд л найзуудаас минь мессэжээр “мэнд” ирээд л, ажил дээр ирсэн чинь мессэнжрээр “мэнд” ирээд л гоё байна шүү. Сонирхолтой нь би өдий 22 хүрэхдээ анх удаагаа ийм олон хүмүүсээс “баярын мэнд” авч байна. Урьд нь энэ өдөр ер нь л жирийн өдөр шиг өнгөрдөг байлаа. Би найз нөхдийн хүрээнд тэмдэглэж үзээгүй. Гэрийхэнтэйгээ л тодорхой хэмжээнд тэмдэглээд өнгөрөөдөг байсан. 10 жилд байхад би өдийд дандаа хөдөө байдаг байсан. Хөдөөнийхөнд ямар төрсөн өдөр тэмдэглэнэ гэсэн ойлголт байх биш, тэгээд л жирийн өнгөрчихдөг байсан. Харин өнөөдөр арай өөр өнгөрөх юм шиг байна :). Би эрийн сайндаа төрөөгүй, ээж маань намайг төрүүлсэн болохоор энэ өдөр би өөрөө баярлахаас илүү ээжийгээ баярлуулахыг илүүд үздэг. Өнөөдөр ядаж эрүүл очиж ээжийгээ баярлуулна гэж бодож байна. :).