Monday, August 27, 2007

Надад зөвлөгөө өгөөч

Блогдоо бичлэг нэмсэнгүй их удлаа. Үүний шалтгаан нь бусад хүмүүсийнх шиг завгүй байсан биш, харин ч хэтэрхий завтай байснаас болсон юм шиг байна. Сонин юм шүү зав муутай байхдаа бичих юм олдоод байдаг байсан хирнээ зав гайгүй болохоор бичих юм олдохгүй юм. Сүүлийн 4 долоо хоногт хэлтсийн дарга амарсан учраас би гэдэг хүн ажлын цагаар интернетээр хэсэх, оройн цагаар “дота” тоглох гэсэн хоёрхон л ажлыг хийж байлаа. Тийм болохоор бичих юм олдохгүй байсан байх л даа. Нөгөө уншдаг байсан блогуудаараа ч орж уншсангүй удлаа. Одоо тэгтэл хэлтсийн дарга ажилдаа орж миний ажлаа хийх үе эхлэхэд хүмүүсийн блогоор орж уншиж, өөрийнхөө блог дээр бичлэг нэмж эхэлж байх юм. Энэ бүхний шалтгаан нь миний нэг хамгийн сул тал болох “өөрийгөө дайчлах чадваргүй” гэдэг зүйлээс л болоод байгаа юм. Энэнээс болж би олон боломжийг алдсан, алдаж байгаа, алдсаар ч байх юм шиг байна. Заавал хүний шахалт, шаардлагаар юм хийдэг. Өөрөө өөрийгөө дайчилж юм хийнэ гэж байхгүй. Ёстой сонин. Би энэ сул талаа арилгаж чадвал одоо байгаагаасаа хавьгүй илүү хүн болох боломжтой санагдаад байгаа юм. Харин миний давуу тал бол ямар ч юмыг оролдвол сурчихдаг. Тэгтэл сул тал нь дийлээд юуг ч өөрөө сонирхож оролддоггүй. Би тийм залхуу юм болов уу гэхээр үгүй юм шиг байгаа юм. Бодоод үзэхээр өглөө босоод, орой унтах хүртлээ бараг ганц ч хормыг зүв зүгээр сууж дэмий өнгөрүүлсэн удаа байхгүй юм шиг. Тэгэхээр би залхуу хүн биш. Зөвхөн өөрийгөө дайчлах чадваргүй нэгэн. Би үүнийгээ аль эрт мэдсэн, засахыг маш олон удаа хичээж байсан. Ажилд орох анкетан дээрээ хүртэл “таны сул тал” гэсэн талбарыг “өөрийгөө дайчлахдаа муу” гэж бөглөөд, дараа нь ярилцлаган дээр “өөрийгөө дайчлахдаа муу хүнийг ажилд авна гэдэг хэцүү л байна” гэж хэлүүлж байлаа шд. Би та бүгдээс зөвлөгөө авмаар байна.

  • Энэ сул талыг яаж арилгах вэ?
  • Өөрийгөө хэрхэн дайчилж сурах вэ?
  • Цагийг яаж үр ашигтай ашиглах вэ?
  • Яаж ном уншиж сурах вэ? Миний дургүй зүйл ном унших. Энэ бол бас л нэг том сул тал.
  • Англи хэлийг яаж бие даан сурах вэ? Энэ бараг нэн түрүүнд тавигдаад байгаа шаардлага.

Энэ бүгдэд та бүхэн зөвлөгөө өгвөл, мөн санаа оноогоо хуваалцвал би их баярлах болно шүү.

Нээрээ өнөөдөр миний төрсөн өдөр шд. Өглөө дөнгөж сэрэхэд л найзуудаас минь мессэжээр “мэнд” ирээд л, ажил дээр ирсэн чинь мессэнжрээр “мэнд” ирээд л гоё байна шүү. Сонирхолтой нь би өдий 22 хүрэхдээ анх удаагаа ийм олон хүмүүсээс “баярын мэнд” авч байна. Урьд нь энэ өдөр ер нь л жирийн өдөр шиг өнгөрдөг байлаа. Би найз нөхдийн хүрээнд тэмдэглэж үзээгүй. Гэрийхэнтэйгээ л тодорхой хэмжээнд тэмдэглээд өнгөрөөдөг байсан. 10 жилд байхад би өдийд дандаа хөдөө байдаг байсан. Хөдөөнийхөнд ямар төрсөн өдөр тэмдэглэнэ гэсэн ойлголт байх биш, тэгээд л жирийн өнгөрчихдөг байсан. Харин өнөөдөр арай өөр өнгөрөх юм шиг байна :). Би эрийн сайндаа төрөөгүй, ээж маань намайг төрүүлсэн болохоор энэ өдөр би өөрөө баярлахаас илүү ээжийгээ баярлуулахыг илүүд үздэг. Өнөөдөр ядаж эрүүл очиж ээжийгээ баярлуулна гэж бодож байна. :).