Sunday, September 23, 2007

Хар дарсан зүүд

Дотор нээх сонин болоод 10 жилд сурч байсан үе санаанд ороод байна. Одоо бодоход хүмүүсийн хажууд гайгүй ч гэсэн өөрийнхөө хувьд уйлмаар амьдралыг туулсан юм шиг санагдаж байна. Намайг жаахан байхад манайх айл шиг л айл байлаа. Би ч хүүхдүүдийн эдэлдэг болгоныг л бараг эдэлдэг байлаа. Компьютер тоглоом унадаг дугуй гэх мэт. Энэ талаар би “Үгүй” бичлэгтээ бичиж байсан. Одоо санаж байгаагаар 3-р анги хүртлээ би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг байжээ. Манай ээжийн талын хамаатан саднууд бүгд хөдөөний улсууд байдаг байлаа. Одоо ихэнх нь төврүү орцгоосон. Зан сайтай айлд хүн болгон цуглана, замаг сайтай нууранд шувуу бүхэн цуглана гэгчээр манайхаар хүний хөл тасрахаа больж эхэллээ. Манайх ам бүл 7 уулаа, дээр нь хамаатны хүмүүсээс дор хаяж 3 хүн манайд байнга амьдардаг. 10 болон түүнээс дээш хүнийг ганцхан муу ээж маань тэжээдэг байлаа. Үүнээс болоод мөнгө хүрэхээ байж амьдрал хэцүү болж эхэлсэн. Өрөнд орж ээж маань цалингаа аваад л өрөнд өгчихдөг байлаа. Бид их өлсдөг байлаа. Аргагүй шүү дээ. Орой л хоол идээд маргааш орой хүртэл хоосон явдаг байсан юм чинь. Ээж маань яаж ийгээд л хоосон хонуулдаггүй байлаа. Би нэг өдөр биеийн тамирын хичээл дээр ухаан алдаж унах дөхсөн шүү. Бүтэн цаг дэглүүлчихсэн чинь толгой эргээд л гуйваад явчихсан. Хэрвээ тэгэхэд би унасан бол насны онигоо болох байсан байхдаа. Ээж бага дүүг маань төрүүлж ажлаа хийхээ больсон. Харин аав маань ажил хийдэг болсон. Яах вэ боломжийн байдаг байлаа. “Үгүй” гэж хэлж чаддаггүйгээсээ болж аав маань архинд орж амьдрал бүүр новш болж эхэлсэн. Шөнө болгон аав согтуу ирж, тэгээд бас зүгээр байхгүй хүүхдүүд дундаасаа зөвхөн намайг л дуудаж босгоод дарамталдаг байлаа. “Чи айлын ганц эрэгтэй хүүхэд. Чи хатуу чанга хүн болох ёстой. Чи эгчийнхээ үгнээс гарах ёсгүй” гэх мэтийн үлэг болсон сургаалиа намайг номхон зогсоож байгаад л айлддаг байлаа. Шалихгүй ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл байсан юм байна одоо бодоход. Би бүр их сонин сонин юм боддог байлаа. Би аавын хүүхэд биш байх, болдог бол ээжээс асуучих юмсан гэх мэтийн гажиг юмнуудыг их боддог байсан. Бас заримдаа бүүр амиа хоролчмоор ч санагддаг үе байсан. Архи хүнийг жинхэнэ новш болгох юм даа. Эрүүлдээ манай аав шиг сайн хүн байхгүй юм шиг санагддаг. Гэтэл архи гээч хүнийг тийм өөр болгох юм даа. Аавыг орой эрүүл ирүүлээч гээч би бараг өдөр болгон залбирдаг байлаа. Надад тэр үед 10 төг ч мөнгө байлаа. Аавын ажил дээрээс аавын найз нартайгаа хоосолж хаясан архины шилийг нь цуглуулж тушаагаад хоолтой хонодог байлаа. Даахгүй нохой булуу хураана гэгчээр аав маань юм хийнээ гээл хэрэгтэй хэрэггүй новш их цуглуулна. Тэрнээс нь би трансформатор энэ тэрийнх нь зэсийг нь ялгаж аваад тушаачихдаг байлаа. Дараа нь загнуулнаа. Гэхдээ яаахав дээ ямар өлсөж үхэлтэй биш. Яаж би хулгайч болчоогүй юм. Тийм хэцүү амьдарч байсан байж би нэг ч удаа хүний юмыг зөвшөөрөлгүй авч байгаагүй юм шүү. Гэхдээ аавыг маань муу хүн гэж битгий бодоорой. Бид нарт маш их хайртай, магадгүй бидний нэгэнд нь золгүй явдал тохиолдлоо гэхэд дагаад үхчихэж ч мэдэх бид нарт маш их хайртай бас их эмзэгхэн хүн л дээ. Архи уухаараа л хүн биш. Ашгүй хүн гэдэг өсөх нь сайхан юм даа. Би ч том болсон аав ч номхон зогсоохоо больсон. Харин эсрэгээрээ би аавыг согтуу ирэхээр нь дарамталдаг болж эхэллээ. Аав маань ч хариугүй жаахан биетэй юм даа. 9-р ангид байхад би бүүр тэвчээр алдраад аавыг зодчихсон. Архи уулаа гэж бас бид нарыг тэжээж чадахгүй юм бол яах гэж төрүүлсэн юм бэ гэж. Тэр үедээ их зөв юм хийсэн юм шиг санагдаж байсан ч би тэрэндээ их харамсдаг. Бид нарыг тэжээх гээл хоол унд муутай ядарч турсан аавыгаа тэгэж зодсондоо маш их харамсдаг. Тэр үеийн амьдралыг бодохоор хар дарсан зүүд шиг л санагдаж байна. Сая бичиж байхад хоолой зангираад дотор сонин болж байна шүү. Би 10 жилдээ охинтой үерхэж үзээгүй. Онгирч байгаа юм биш л дээ надад хааяа охиноос захиа ирдэг л байлаа. Би идэх хоолоо яаая гэж байж юун найз охин энэ тэр вэ. Хэцүү биз дээ. Гэхдээ тэр үеийн сайхан дурсамжтай зүйлүүд ч бий. 10 жил ч гоё шүү хэхэ. Гэхдээ элэг бүтэн, эрүүл саруул өссөндөө хамгаас их баярлах юм даа. Одоо ч амьдрал сайжраад сүйд болсон юм байхгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан өлсгөлөн гэдэстэй уранхай хувцастай явахгүй л байна. Гэнэт яагаад багын дурсамж санаанд орвоо гэхээр би юмны үнэ хэт нэмэгдсэн талаар бодож байгаад л энэ нэмэгдэлт тэр үед болсон бол яах байсан болоо гэж гэнэт бодчихсон. Нээрээ л тэр үед ингэж нэмэгдсэн бол яах байсан юм болоо. Одоо миний тэр үеийнх шиг амьдралтай хүмүүст энэ үнийн хөөрөгдөл яаж тусч байгаа болоо. Бодохоос аймар. Ерөөсөө бодохгүй ээ. Стресст орохын нэмэр… Өө нээрээ намайг таньдаг хүмүүс миний энэ бичлэгийг уншсаныхаа дараа надтай харьцдаг харьцаагаа өөрчлөхгүй байхыг хүсье. Би ийм амьдралтай гэдгээ байнга л нуудаг байсан. Хоол хүнсний юмгүй болчоод л найзаасаа мөнгө гуйхдаа “Найздаа мөнгө зээлээч. Найзын төрсөн өдөр болчоод” ч гэдэг юм уу шал худлаа хэлж зээлнэ. Хэн ч байсан тэгэх л байх л даа. Би тэр үед хэнтэй ч зовлонгоо хуваалцаж байгаагүй. Гэнэт бичмээр санагдаад л биччихлээ. Ойлгоно биз дээ.