Sunday, June 24, 2007

Хөөрхий дүү минь

Намайг урьдчилсан хамгаалалтанд орохоос гуравхан хоногийн өмнө хамаатны дүү маань нас барсан. Хэдий удаан өвдөөд хэзээ мөдгүй болчихсон гэдгийг нь мэдэж байсан ч яг “ Өнгөрчихлөө” гэсэн мессеж ирэхээр үнэхээр хүнд байдаг юм байна лээ. Би ажил дээрээ сууж байсан, олон хүнээс нулимсаа нууж жаахан уйлсан. Яагаад гэвэл тэр ойрын хамаатнаас гадна, манайд байнга ирдэг байсан. Бид нар дандаа эрхлүүлдэг болохоор их дасал болсон байсан л даа. Тэр 2 жил өвдөж байгаад нас барсан. Дөрөвхөн настай байхдаа өвдөж эхэлсэн юм. Ямар нь мэдэгдэхгүй, юунаас болсон нь үл мэдэгдэх цусны өвчнөөр өвдсөн. Бүтэн хоёр жил эмнэлэгт хэвтсэн. Хааяа гайгүй үед нь л эмнэлгээс гаргахаас биш бусад үед бол байнга л эмнэлэгт байдаг байсан. Эмнэлгээс гарах үедээ ихэнхдээ манайд ирж хэд хонодог байлаа. Бяцхан биендээ дэндүү ихэдсэн зовлонг энэ хоёр жилийн хугацаанд амссан даа хөөрхий. Эм, тариагаар л аргацаасаар байж хоёр жил амьдруулсан байх. Өдөр болгон химийн хүчтэй тариа хийлгэнэ, дээр нь нугасны ус авахуулаж гэдгийг бараг л дасал болтлоо хийлгэсэн. Эрүүл байхдаа хичнээн сэргэлэн, хүмүүсийн эгдүүг хүргэсэн охин байсан гэж санана. Ой тогтоомж их сайтай хүүхэд байсан боловч химийн тарианаас болж бараг нэг сурсан юмаа минут болохгүй мартдаг болчихсон байсан. Химийн тариа хийх үед нь бүх үс нь уначихдаг гэсэн. Тэгээд тариагаа түр завсарласан үед жаахан ургаж байгаад тэгээд хийгээд эхлэхээр нь дахиад л уначихдаг гэсэн. Хараа нь маш муудсан, тэр жаахан охин зузаан шил зүүнэ гээд боддоо. Жаахан юм байж их ухаантай байсан. Ноднин жил би наадам үзэхээр Багануур орсон. Тэгэхэд манай гэрт талийгаач маань ээжтэйгээ байсан юм. Наадмын орой би хэсэг хүмүүст зодуулаад, маргааш нь босч чадахгүй орондоо хэвтэж байлаа л даа. Тэгэхэд ээжтэйгээ айлд байж байгаад айлын хүнд “Ээж бид хоёр явлаа. Агаа маань муу хүмүүст зодуулчаад босч чадахгүй хэвтэж байгаа. Ганцаараа айж байгаа байх. Бушуухан очиж хоол хийж өгөхгүй бол болохгүй” гэсэн байгаа юм даа. Надад их сайн байж билээ. Эцэг нь гэж хүний үнэргүй амьтан, эрүүл байхад нь эрхлүүлэхээс өөр юм мэддэггүй байсан. Өвдөөд удаагүй байхад нь тэвчээр алдсан уу яаасан ээжтэй нь хаяад явсан. Ганц ч удаа эргэж ирээгүйг нь бодохоор муу новшийг таардаг юм бол хэвтэрт ортол нь зодмоор санагддагийн. Хүүхэд л юм хойно эмнэлэгт байхдаа аавыгаа их л хардаг байсан бололтой. Ээж нь аавыгаа санаж уйлахаар нь загнадаг байсан болохоор, нууж уйлдаг байсныг нь ээж нь сүүлд нь мэдсэн гэсэн. Цуг хэвтдэг хүүхэд нь чи яагаад уйлаад байдгийн гэхэд нь “би аавыгаа санаад л уйлаад байдгийн. Ээж загнадаг болохоор би нууж уйлдгийн” гэсэн гэж нөгөө хүүхэд сүүлд нь ярьсан. Үүнийг сонссон эх хүнд ямар хүнд байсан нь ойлгомжтой. Хүн нас барах гэж байгаагаа мэддэг гэсэн үнэн байхаа. Юу ч идэхгүй байсан байж, өнгөрөхийнхөө өмнөх өдөр “тараг ууя” гэсэн, ер нь л их сонин байсан гэж ээж нь ярьсан. Яг амьсгаа хураахын өмнө өөрт нь залгасан дусал, энэ тэр бүх юмыг өөрөө салгаад хаячихсан гэсэн. Сонин байгаа биз. Энүүхэн ойрхон “эх нялхас”-т байсаар байхад нь зав гаргаж очиж чадахгүй байсаар байгаад өнгөрүүлчихсөн болохоор надад их хэцүү байдаг. Одоо бодоход харамсмаар, 2-хон цагийн зав гаргаад яваад очиход болох л байсан шд. Тэр байтугай л дэмий юманд зав гаргадаг байсан байжийж гэж бодохоор л... Хүн гэдэг өнгөрсөн хойно нь харамсах юм даа. Нас барахад нь ч очиж чадаагүй. Яг тэр үед ажил дээрээ байсан. Ажлаас чөлөө аваад очиж болох байсан ч би сургууль дээр шалгалт өгөх ёстой байсан болохоор л тэгээд очиж чадаагүй. Нас барсан өдөр нь л шууд шарилыг нь Багануур авч яваад тэндээс ажил явдлыг нь гаргасан болохоор би мөн л очиж чадаагүй. Яагаад гэхээр би диплом хамгаалах гээд нойргүй хонож байсан үе болохоор. Би ч хувиа хичээсэн муу хүн юм даа. Одоо ээжийнх нь царайг яаж харахаа мэдэхгүй л байна даа. Энэ бүхнийг яагаад бичих болсон гэхээр би Амьдрах хүслэн блогийг саяхан уншсан. Би тэр хөөрхөн дүүгээ юу ч хийж чадалгүй өнгөрүүлчихсэн. Батзаяа охины эгчийнх нь хийж байгаа шиг зүйлийг би хийх боломжтой байсан ч яагаад хийгээгүй юм болоо. Миний хийж чадаагүй зүйлүүдийг хийж байгаа гэр бүл, миний гаргаж чадахааргүй их тэвчээрийг гаргаж байгаа тэр охинд би тусалмаар байна. Надтай адил та бүхнийг ч тэр охинд бага ч болсон тус хүргээсэй гэж хүсч байна. “Олны хүч - оломгүй далай” гэдэг тэр эдгэх байхаа.

1 comment:

  1. Бид ч муу байна даа.Завгүй завгүй гэж гүйсээр байгаад хамаг байгаа сайхан зүйлээ алдаж бйадаг.Ямар их хүлээсэн бол зайлуул дүү чинь.

    ReplyDelete