Sunday, May 3, 2009

Монголчууд дасан зохицохдоо сайн улс юм

За жаахан улс төржөөдөхвөл яадаг юм бол. Би бол жирийн нэг Монгол залуу. Дуугүй, мөрөөрөө ажлаа хийж, ар гэрээ тэжээнэ. Ажил хийж авсан арван цааснаасаа улсдаа татвараа төлнө. Одоогоос 6,7 жилийн өмнө сонсоод амаа ангайдаг байсан цалингаа одоо авч байгаа боловч энэ нь одоо дундаж цалин болж, мөн аж амьдралд хүрэхээ больж. Дээр нь татвар... Төрдөө татвараа төлөх нь зүйн хэрэг. Гэвч над мэтийн жирийн залуусын нойр хоолоо хасаж, эрүүл мэндээ үл хайхран хөдөлмөрлөж авсан цалингаасаа төлж байгаа тэр татварын мөнгөөр баян улс төрчийн бандгар бацаан жийп авч унаад, хажуудаа найз охиноо суулгачихсан малийчихсан явж байгаа гэж бодохоор харамсалтай санагдаад байх юм. Монголд өнөөдөр ийм л байгаа шүү дээ. Энэ бохир заваан нийгмийн тогтолцоог хэн бий болгосон юм бэ? МАХН биш гэж үү?. Энхбаяр биш гэж үү? За боль л доо мөн шдээ залуусаа. Бидний сонголт буруу байна шдээ. Монгол улс бол харьцангуй залуу улс гэж би боддог. Мэдээж хөгшчүүл бий л дээ. Тэдний ихэнх нь Ху намаа өөрсдийг нь алж байсан ч дэмжиж чадах тийм л сэтгэхүйтэй хүмүүс байгаа. Харин залуучууд бол өөр шүү дээ. Гэтэл ээж аавыхаа дэмждэг нам гээд Ху намыг дэмждэг залуучууд байх юм. Төрийн албанд орох гэж Ху намын гишүүн болж байгаа хүмүүс, тэр албандаа үлдэх гэж Ху намаа хууль бусаар сонгуульд гаргаж байгаа хүмүүс ямар олон байна вэ. Тэгээд 7 сарын 1нд сонголтыг нь луйвардсан гэж жагссан хүмүүсийг яалаа... Олон улсын шалгарсан арга болох жагсаалыг үймэн самуун болгох аргыг хэрэглэж эргээд жагссан хүмүүсийг буруутан болгож,буу зэвсэг хэрэглэж хүний алтан амийг хороон байж тараасан биз дээ. Тэгээд бас болоогүй ээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг 4 хоног хааж, МАХН-ын суртал ухуулгын зэвсэг болох МҮОНТв-ээр 4 хоног хүмүүсийн тархийг угаасан. Ганц нэг шударга мэдээ гарсан л даа. Тэрийг гаргасан баагийнууд ажилгүй болсон байх. Яг 7 сарын 1ний орой хариж явахад хүмүүс дийлэнх нь ард түмнийхээ талд байсан. “Энэ хүмүүсийн зөв шдэ. МАХН дандаа ингэж сонгууль будлиантуулдаг. Байр нь шатсан хохь нь” гэх хүмүүс их таарч байсан. Харин 2,3 хоногийн дараа хүмүүсийн яриа шал эсрэг болсон байсан. “Батзандан, Магнай нараас болж...” гэж бараг бүх хүмүүс ярьдаг болчихсон байсан. Үнэн хэрэгтээ тэр хоёр гэнэн баачка нар гол удирдаад зохион байгуулчихсан хүмүүс биш шүү дээ. Хүмүүс угаасаа л бухимдалтай байсан. Сонгууль яалтачгүй л будлиантай болсон шүү дээ. Миний мэдэх бараг бүх л хүмүүс ардчилсан намд саналаа өгнө гэж байсан. Гэтэл сонгуулийн үр дүн шал өөр гарсан. Магадгүй та миний таньдаг бүх л хүмүүс Ху Нам-д өгнө гэж байсан. Сонгууль шударга л болсон шүү дээ” гэж магадгүй л дээ. Гээд бодохоор ядаж 50%:50%-ийн суудал авмаар юм. Гэтэл... За за энэ ч яахав өнгөрсөн хэрэг. Гэхдээ би л лав одоо айж байна. Хэрвээ төрийн мэдлийг атгаж байгаа тэр авилгач нөхдүүд миний эрх ашгийг аймшигтайгаар зөрчлөө(одоо ч тэгэж л байгаа л даа) гэхэд би л лав эрх ашгаа хамгаалах гэсэн хүмүүсийн жагсаал цуглаанд нэгдэх зориг хүрэхгүй байх. 7сарын 1 шиг, тэрнээс ч аюултай юм болох магадлал бараг 99% байх. Үхэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Ер нь монголчууд их дасан зохицохдоо сайн улс юм. Тийм юм болчихоод байхад юу ч болоогүй юм шиг л амьдарсаар. Манжийн дарангуйлалд дасан зохицоод бүтэн хоёр зуу гаруй жил дарлүүлж байж тэвчээр нь барагдсан. Намайг энэ бүгдийг бичихээр намайг АН-ыг дэмждэг хүн гэж хүмүүс ойлгож байгаа байх. Гэхдээ үнэн хэрэгтээ намдаа байгаа юм биш ээ. Тэр намын нэр “АН” байна уу “МАХН” байна уу надад хамаа байхгүй. Гол нь намын толгойд байгаа тэр намыг чиглүүлж байгаа хүмүүст л учир байгаа юм. МАХН-ыг Энхбаяр удирддаг. Харин АН-ыг яг тэр хүн удирддаг гэхэд хэцүү. Эндээс л дотроо хүртэл ардчилалтай гэдэг нь харагдаад байгаа юм. Ер нь тэгээд ямар ч нам төрийн толгойд гараад удах юм бол бохирдох нь тодорхой. МАХН олон жил завсаргүй төрийг барьлаа. Монголчуудын амьдрал тасралтгүй уруудсаар ирсэн. Магадгүй цөөн хэдэн хүн өм цөм баяжсан нь монгол улс дэвшсэн өөдөлсөн юм шиг санагдаж магадгүй. Сайн харвал тийм биш ээ. Миний хувьд энэ хоёр том намыг болж өгвөл ээлжлэн сонгож байвал зүгээр юм шиг байгаа юм. Авилга болон бусад бохир заваан юмныхаа сүлжээг үүсгэж бэхжүүлэхээс нь өмнө нөгөө намыг нь гаргаад байвал зүгээр юм шиг. Эсвэл нэгнийхээ хийж эхлүүлсэн зүйлийг ямар ч хэрэггүй болгоод байх юм болов уу. Гэхдээ би л лав тэгэж бодохгүй байна. За за ингээд бичээд байвал олон юм бичнэ дээ. Дуусгая. Та бүгдээс гуйхад “Энэ удаад Энхбаяр л биш шүү. Please!!!”. Хэрвээ Энхбаяр гарчихвал би энэ постоо устгана аа. Надыг яах ч юм билээ :-P

Thursday, January 15, 2009

Стрест нэг ороол нэг гараал

Стресс гэж нэг юм байх юм аа. Ялангуяа над шиг оюуны хөдөлмөр хийдэг хүмүүст энэ лай байнга тохиолдох юм. Би саяхан даа охиноо төрөх үед овоо стресст орсон юм. Яагаад?. За байжий нэгд нэгэнгүй бичнээ хө. Эхнэр төрөх гээд эмнэлэгт хэвтчихсэн. Би гэдэг хүн чинь хадмуудын дунд ганцаардаж байгаа юм чинь. Урд нь бол хадмындаа байнга л очдог байсан. Гэхдээ л ингэж цуг олон хоногоор нэг гэрт хамт байж үзээгүй байсан юм. Уул нь бол тэд манай зочид би гэрийн эзэн ухаантай юмсан. Гэтэл би айлд байгаа юм шиг л байдаг болов. Гэхдээ манай хадмууд муу хүмүүс биш шүү, цайлган сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Яахав байгаа нь л тийм хамаагүй байдаг, элдэв юм боддоггүй хүмүүс. Тэрнээс биш намайг муу хүргэн энэ тэр гэж дээрэлхсэн юм байхгүй кк. Хэрвээ тийм хүмүүс таарсан бол би тэр үед тэсэхгүй байсан байх аа. Угийн ууртай хүнийг ч хэлэх үү. Хэрвээ надад тийм хадмууд таарсан бол би аль хэзийн муудчихсан, эхнэртээ аав ээжийгээ сонго эсвэл намайг сонго гэчихсэн байж байх байсан байх. ккк эсвэл бүр номондоо орчихсон шал угаачихсан нтр байж байх байсан юм болуу. За за тэр ч яахав. Тэгээд эхнэр маань төрөх тэр өдөр хадмуудыгаа ямар үрэлгэн хүмүүс болохыг мэдвээ. Угийн мэдэх ч арай хэт гэдгийг нь мэдсэн юм. За яасан гэхээр: Би уг нь төрөх үед мөнгө орно. Хүн амьтанд авилга өгнө гэдгээ мэдэж байсан. Бэлтгэлтэй ч байсан. Эхнэр маань кесар хийлгэж төрөх болсон юм. Гэтэл эмчид өгөхөөс гадна тэр төрөх өрөөнд орсон хүн болгонд мөнгө өгнө гэж дайрдаг юм байна. Тэр өрөөнд цэвэрлэгч байсан бол тэрэнд бас өгөх байсан байх. Ядаж байхад хэрэгтэй хэрэггүй 10-аад хүн ордог юм байна. Би мөнгөний дугтуйнд гүйгээл, дутаад л ахиж гүйгээд л... Надад цаана нь хэдэн цаас үлдэж байгааг ч асуулгүй үнэн гамгүй үздэг юм байна. Энэ завсар "нэгдүгээр төрөх"-ийг муулаад орхъё. Нэгдүгээр төрөх гэж үнэн авах юмгүй болчихсон новшийн газар байна лээ дээ. Авилга аваад бүр сурчихсан. Манай эхнэрийг төрөх гэж байхад "Энэ овоо балайшик сайтайн байна лээ. Тэр эмчийг таньдаг гэсэн ..." гэж хоорондоо ярьж байхыг эхнэр маань сонсчихсон байгаа юм. Балайшик гэдэг нь танил талыг хэлдэг бололтой. За тэгээд төрөх гэж байгаа хүн болгоноос авилга авна. Хэдэн цаас атгуулахгүй бол төрүүлэхгүй шүү дээ. Тэнд нэг хөдөөнөөс ирсэн бололтой нэг хөгшин байсан. Тэр хүнийг хараад үнэхээр өрөвдөж байсан. Хөөрхийд ямар юмных нь танил тал, мөнгө нтр байхав дээ. Охиныг нь ус нтр нь гарчихаад байхад төрөх болоогүй байж бай гэсэн юм шиг байгаан. Тэгээд охин нь юу болж байгааг ч хэлдэггүй. Тэр хөгшин дэмий л тэнд хүн амьтан царайчлаад л өдөржингөө тэнд сууж байгаа харагдсан. За тэгээд танил тал харна аа, авилга авна аа бас болоогүй нэг ширхэг ч эм тариа дотроосоо гаргахгүй. Дандаа гаднаас авахуулна. Мэдээж тэр болгоныг тэр эмнэлэгт улсаас төсөвлөсөн л байгаа. Тэр эм тариа нь чамгүй үнэтэй байдаг юм байна. Эхний өдөр бараг 100-аад мянган төгрөгний эм тариа би гаднаас авч өгсөн. Бас болоогүй ээ заримыг нь гаднаас олдохгүй болохоор эмчээс асуутал мөнгийг нь өгчих дотроос олоод өгье гэнэ. Уг нь үнэгүй гаргах ёстой эм тариаг ингэж зарж мөнгө болгодог байх нь. Авилга авна, эм тарианы мөнгө завшина. Ёо би эх баригч болчихгүй яав аа гэж бараг бодогдсон шүү. Тэд нар нээрээ мөнгийг цөм хийж байн аа. За яахав эсэн мэнд л төрүүлж байвал яасан ч яахав гээд л бид ч нээх тоолгүй нэхсэнийг нь өгөөд байлаа. За тэгээд ашгүй хагалгаа амжилттай болж би гэдэг хүн 3кг 900гр охинтой болж эхнэр маань ээж болж, би аав болж, хоёр талын ээж аавууд маань өвөө эмээ нар болцгоовоо. Үнэхээр баярт мөч. эмч гарч ирээд 3.900 кг охинтой боллоо гэхэд ямар байсан гээч. Үнэхээр ... За за үзээгүй үзээрэй кк. За тэгээд төрүүлчихээд, эхнэрийг маань дөнгөж төрсөн, хагалгаа хийлгэсэн хүнийг 2 цаг ч бололгүй оргүй гээд коридорт гаргаад суулгачихсан гэж байгаа. Арай хэт. Нөгөө балайшикласны хэрэг ингэж л гардаг юм байна. Нэгдүгээр төрөх гэж ийм л газар байдаг юм байна шүү дээ. Тэр өдөр нийлээд ###,000₮ орчим мөнгө байхгүй болсон байв аа. Зөвхөн эхний өдөр шүү дээ. Эхний өдөр л хадгаламжруугаа ордог юм байна. хм ингэснээс хувийн эмнэлэгт төрүүлсэн бол арчилгаа сувилгаа нь шал өөр байхгүй юу. Ядаж л дөнгөж төрсөн хүнийг коридорт суулгахгүй байсан байх. Эхнэр төрөхөөр би ганцаараа гэрээ тэжээх болно гээд эртнээс цуглуулж байсан мөнгө маань л аминд ордог юм байна. Энд зүгээр л болсон явдлыг бичсэн болохоос энэ бол стресст ямар ч хамаагүй байсан шүү. Хэдэн цаасны төлөө арай ч стресст орохгүй л дээ хэхэ :). Хэдэн өдрийн дараа эхнэрээ гаргаж авахаар хадам аавын хамт эмнэлэг дээр очив оо. Тэгээд хүлээж байтал хадам аав хэлж байна: миний хүү яваад ууттай чихэр авчираад эхнэр хүүхдийг чинь авч гарч ирэх хүмүүст тараа гэж байна. Арай л биш ээ. Чихрийн мөнгө байсаан. Чихрэнд гүйх ч нээх асуудал биш. Гол нь хүмүүст тараах. Нэг уут чихэр авчираад хүмүүст атга атга чихэр өгөөл... тэнэг биз дээ. Тэр хүмүүсийг доромжлоод ч байгаа юм шиг. Би чадахгүй ээ л гэсэн. Хэхэ арай ч тэгээгүй л дээ. "Дэмий юм биш үү аав аа" гэж байтал ашгүй эхнэр хүүхдийг маань аваад буугаад ирлээ. За тэгээд гэртээ очоод л бөөн баяр хөөр шинэ хүнээ хүлээж авсан хүмүүс чинь бөөн л хөл хөдөлгөөн болно биз дээ. Гэтэл надад таалагдахгүй бас нэг юм болоод өнгөрвөө. Яасан гэхээр манай ээж, аав жижиг өрөөнд охиныг минь харж байв аа. Охин уйлсан чинь хадам ээж гал тогооны өрөөнөөс гүйж ирээд л ээж аавыг маань түлхэж ирээд л охиныг минь авав. Яалаа гэж энэ чинь миний охин шүү дээ. Манай ээж, аавын ач охин нь шүү дээ. Уйлахаар нь манай аав ээж яагаад авч болохгүй гэж. Энийг магадгүй надаас өөр хүн анзаараагүй байх л даа. Би л эмзэг юм болохоор тэрэнд эмзэглэсэн байх гэж бодож байсан юм. Гэхдээ манай эгч бас ирчихсэн байсан. Жаахан хүндээр тусгаж авсан байна лээ. За тэгээд нэг өдөр бужигнаад орой нь ээж, аав, эгч эд нар гэрлүүгээ явлаа. Тэгээд тэр шөнөдөө бас л зовлонтой хоносон. Нялх хүүхэд л болсон хойно шөнө уйлнаа даа. Гэтэл би унтаж ч чадахгүй тэгсэн хэрнээ хүүхдээ ч авч чадахгүй. Би чинь уул нь аав болсон хүн шүү дээ. Шөнө босч хүүхдээ авмаар л байгаа. Гэтэл хадам ээж надад тийм боломж олгохгүй. Уйлахаар нь гүйж ирээд авчихна. Энэ мэт байдлаас болж би хадмууддаа нилээд дургүй хүрч байлаа. Би гэртээ айлд байгаа юм шиг л байдаг болсон. Манай талаас би ганцаараа нөгөө талаас армиараа. Эхнэрийн дүү нь угийн бид хоёртой амьдардаг байсан одоо ч байгаа. Хадам ээж хүүхэд харна гээд ирчихсэн. Хадам ээж байхаар хадам аав бас л байж таараа. Тэгээд энэ олуулаа байгаан байж хүүхдийн даавуу угаах болохоор заавал аав нь угаах ёстой гэнэ. Та нар байхгүй байсан бол би хүүхдийн даавуугаа ямар happy угаах байсан бол гэж бодогдоно. Эцэг болсон үүрэг хариуцлагаа мэдрээд л шөнө босч хүүхдээ аваад л даавуугаа өөрийхөө хүслээр угаагаад л гоё л байх байсан. Дээр нь эхнэр маань төрөхөөсөө өмнө намайг ажлаасаа ирсэнээс авахуулаад унтах хүртэл нэг ч удаа тайван байлгахгүй юм уух уу, идэх үү, аймар санасан нтр гээд л нэг өрөөнсөөс нөгөө өрөөнд орох хүртэл дагаад л, заримдаа залхмаар ч юм шиг. Гэтэл охин төрөнгүүт намайг шал тоохоо байчихдаг юм байна. Гэнэт тоогдохоо байхаар чинь эвгүй л байдаг юм байна лээ хэхэ. Олон юм давхардсаан бас. Зун 7 сарын үед миний үс урдаасаа халзарсан юм. Тэрийг яваандаа ургах байлгүй гэж тоохгүй байсаар намар болгосон. Тэгээд охиноо төрөхөд амралтаа авч хэд хоног зав гарсан дээрээ эмнэлэгт үзүүлэвээ. Тэгсэн эмч ядаргааных гэдэг юм байна. Тэрийг нь мэдсэнээс хойш миний үс бүр ихээр унаж эхэлдэг байна шд харин. Тэгэх тусам нь би улам л стрестсээр л... стресстэх тусам үс унах нь ихэссээр л. За за ингэж тэгсээр байдалд дасан зохицсоор сүүлдээ тоохоо байсан юм. Хадмуудтайгаа ч нэг гэр бүлийхэн шиг болж дасаж эхэллээ. Тэгтэл үс ч ургаж эхэллээ. Ингээд бодоод байх нээ надад л хамаг учир байсан бололтой. Анхнаасаа байгаа байдлыг хүндээр тусгаж аваагүй бол тэгэж стресстээд байхаар сүйдтэй юм болоогүй л юм байна лээ. Миний яаж бодохоос л хамааралтай эд бололтой. Тэгээд болохгүй байгаа юмыг болгох гэж юу ч хийгээгүй байж дэмий дотроо бодож стресстэх хэрэггүй байдгийг ойлгосон гэхүү дээ. Гэхдээ ойлгосон ч хараахан хэрэгжүүлж сураагүй л байна. Одоо ч үе үе стресст орсоор л.

Saturday, November 8, 2008

Өнгөрсөн нэг жилд.

Блогтоо бичлэг нэмэлгүй бүтэн нэг жил гаруй болжээ. Миний блогийг мэддэг, уншдаг, сэтгэлээсээ коммент үлдээдэг хүмүүс маань урам нь хугараад миний блогийг өөрийн найз блогеруудын жагсаалтаас хассан байна. Арга ч үгүй биз. За ингээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу болж өнгөрөв өө гэж. Дуулгах том сонин гэвэл би аав болсон. Охинтой болсон. Аа харин охиныхоо ээжийг нь блогтоо сүүлийн бичлэгээ оруулж байх үедээ найрч байсан юм. Жил гаруйханы өмнө үерхээд одоо нэг сартай охинтой байж байна гэхээр та нарт итгэмээргүй санагдаж байна уу? Тэгсэн л юм даа (хэхэ :-P). Бид үерхээд гурван сар болсоны дараа л хүүхэдтэй болохоор шийдсэн юм. Би л лав өөрийгөө хэт яарсан гэж бодохгүй байгаа. Хүмүүс хоорондоо “Энэ хоёр яасан хурдан амжуулдын. Энэ хоёр гоол алдсан байх аа” гэх мэтийн хов жив ярьсан л байх. Хүмүүс юу ч ярьж болно. Гол нь тэрийг нь тоохгүй байвал л болдог юм байна гэдгийг ойлгосон. Би урьд нь хүмүүс намайг муу хэлэхвий гэхээс их айдаг байлаа. Гэхдээ тэгэж биеэ барьж, эсвэл хуурамч сайн хүний дүр үзүүлж байх утгагүй юм гэж боддог болсон. Байгаагаараа л байхыг хичээдэг болсон. Ажлын хувьд гэвэл хийдэг л ажлаа хийгээд, авдаг л цалингаа аваад явж байгаа. Цалин нэмэгдсэн ч юмны үнэ өссөн учир чанарын ялгаа бараг гараагүй. Тайлан тавьж байгаа юм шиг сонин юмнууд бичээд байх юм. Хэхэ. Эцэг болсоны сонин хачинаас бичдэг юм билүү. Яг үнэнийг хэлэхэд эцэг хүний үүрэг хариуцлага гэдгийг яг одооноос ойлгож эхэлж байна. Хүмүүс эхлээд эцэг болох бэлтгэлээ хийчихээд, харин дараа нь хүүхэдтэй болдог байх. Миний хувьд бол хүүхэдтэй болчихоод сар болж байж ямар нэгэн хариуцлагын талаар одооноос л бодох боллоо. Би нэг хэсэг компьютерийн тоглоомонд их орсон байсан. Жаахан ичмээр л юм л даа. Гэхдээ энэ үнэн шүү. Би бага байхын л тийм юманд нугасгүй байсан юм. Эхлээд хужаагийн тетрис, дараа нь сега, плэйстэйшн гээд л бүгдийг нь алгасалгүй тоглож өссөн л дөө. Би тоглож байх үедээ их шартай байдаг юм байна лээ. Би өөрөө анзаардаггүй байсан юм. Заавал ялж байж салах гэж нойроо хасан байж шөнөжин тоглоно( заримдаа ). Тоглож байх үедээ бусад хүн саад болвол их уурладаг. Эхнэрээ ч хэд хэд гомдоогоод авсан. Ер нь олон удаа тоглоомноос болж эхнэрээ гомдоож байсан л даа. Би нэг залуугийн талаарх яриаг найз нараасаа сонсож байсан юм. Тухайн үед нээх тоогоогүй л дээ. Харин дараа нь надад тэр залуутай адил зүйл ажиглагдаж эхэлсэн. Тэр залуу яасан гэхлээр над шиг л тоглоом тоглох дуртай залуу байж. Эхнэр нь мэдээж тэрэнд нь дургүй, боль гэж үглэдэг байсан юм байх. Тэгээд нэг өдөр тоглоомноос болж эхнэрээ зодчихож. Тэр үйлдэлдээ маш их харамсаж явдаг тухай манай нэг найз ярьж байсан. Би хэдийгээр хичнээн түргэн ууртай ч тэр залуу шиг тоглоомноос болж эхнэрээ зодохгүй л дээ. Гэхдээ эхнэртээ уурлаж муухай аашилна гэдэг чинь тэр хирээний зан гаргасантай адил гэдгийг би ойлгох болсон. Гэхдээ би ойлголоо гээд тоглоом тоглохоо больж чадаагүй л дээ. Гэхдээ би хүслээ хязгаарлаж сурч байгаа. Тоглоом тогловол нэг юмуу хоёр цаг тоглоод л больж сурч байгаа. Сүүлийн бүтэн долоо хоног нэг ч удаа тоглоомонд гар хүрээгүй. Энэ бол миний хувьд их дэвшил. Урьд нь бол дор хаяж гурав хоногт заавал нэг удаа хоёроос таван цагийг тоглоомонд зарцуулдаг байлаа. Гэймерүүдийн хувьд энэ жижиг үзүүлэлт боловч над шиг ажил амьдралтай хүний хувьд арай л их цаг зарцуулж байна аа гэсэн үг. Ер нь цаашдаа тоглоом тоглохгүй байхаар шийдээд байгаа. Найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх үүднээс хаяадаа нэг тоглохыг үгүйсгэхгүй л дээ. Бусдаар бол гэртээ солиотой юм шиг компьютерийн хиймэл оюунтай тоглож цаг заваа дэмий юманд гарздахгүй байхаар шийдсэн. Зөвхөн тоглоомны хувьд ч биш өөр бусад зүйл дээр. Жишээлбэл би нэг хэсэг тамхи их татдаг болсон байсан. Хүмүүс татахаар дуурайж татсаар байгаад тамхинд бараг л орох шахсан байсан. Ганцаараа байх үедаа тамхи санаанд ордоггүй. Харин хүн хажууд татвал татахгүй байж чаддаггүй болчихсон. Тамхинд орж байгаагийн шинж байх л даа. Би сүүлийн долоо хоног бас л гүрийж байгаа. Миний хажууд хүн тамхи татахад би татахыг хүссэн ч тэвчиж байгаа. Би магадгүй бүр тамхинд орчихсон байсан бол ингэж гүрийж чадахгүй байсан байх л даа. Ямар ч байсан орохоосоо өмнө өөрийгөө татаж авч байгаадаа баяртай байгаа. Энэ мэтийн жижиг сажиг өөрчлөлтүүдийг хийхэд охин маань их нөлөөлж байгаа. За за утгагүй баахан юмнууд биччихлээ. Залхууг тань хүргэсэн бол сорри. Би үе үе стресст их ордог. Дараагийн бичлэгт сүүлийн үеийн миний стрессийн гол шалтгаан болоод байгаа зүйлийн талаар бичих болно. Хүнд юмаа ярьчихвал нээх сайхан болчихдог шүү дээ. Тэрэн шиг л блог дээрээ биччихвэл хүнтэй ярьсан юм шиг болчихдог юм. За дараа уулзая.

Wednesday, October 22, 2008

Блог минь тоосонд дарагдсан байна

Сайн байцгаана уу? Миний өөрт тохиолдсон хэрэгтэй хэрэггүй явдлаа, үзэл бодлоо, баяр гунигаа, нууцаа хуваалцдаг энэ блогийг минь уншдагт баярлалаа. Намайг бичлэг нэмэхгүй нилээд удсан болохоор хүмүүс ч одоо орж үзэхгүй биз дээ. Гэхдээ би гол нь хүмүүст уншуулах гэж бичдэггүй юм аа. Одооноос эхлэн хааяа ч гэсэн бичлэг нэмж байх санаатай байгаа.

Sunday, September 23, 2007

Хар дарсан зүүд

Дотор нээх сонин болоод 10 жилд сурч байсан үе санаанд ороод байна. Одоо бодоход хүмүүсийн хажууд гайгүй ч гэсэн өөрийнхөө хувьд уйлмаар амьдралыг туулсан юм шиг санагдаж байна. Намайг жаахан байхад манайх айл шиг л айл байлаа. Би ч хүүхдүүдийн эдэлдэг болгоныг л бараг эдэлдэг байлаа. Компьютер тоглоом унадаг дугуй гэх мэт. Энэ талаар би “Үгүй” бичлэгтээ бичиж байсан. Одоо санаж байгаагаар 3-р анги хүртлээ би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг байжээ. Манай ээжийн талын хамаатан саднууд бүгд хөдөөний улсууд байдаг байлаа. Одоо ихэнх нь төврүү орцгоосон. Зан сайтай айлд хүн болгон цуглана, замаг сайтай нууранд шувуу бүхэн цуглана гэгчээр манайхаар хүний хөл тасрахаа больж эхэллээ. Манайх ам бүл 7 уулаа, дээр нь хамаатны хүмүүсээс дор хаяж 3 хүн манайд байнга амьдардаг. 10 болон түүнээс дээш хүнийг ганцхан муу ээж маань тэжээдэг байлаа. Үүнээс болоод мөнгө хүрэхээ байж амьдрал хэцүү болж эхэлсэн. Өрөнд орж ээж маань цалингаа аваад л өрөнд өгчихдөг байлаа. Бид их өлсдөг байлаа. Аргагүй шүү дээ. Орой л хоол идээд маргааш орой хүртэл хоосон явдаг байсан юм чинь. Ээж маань яаж ийгээд л хоосон хонуулдаггүй байлаа. Би нэг өдөр биеийн тамирын хичээл дээр ухаан алдаж унах дөхсөн шүү. Бүтэн цаг дэглүүлчихсэн чинь толгой эргээд л гуйваад явчихсан. Хэрвээ тэгэхэд би унасан бол насны онигоо болох байсан байхдаа. Ээж бага дүүг маань төрүүлж ажлаа хийхээ больсон. Харин аав маань ажил хийдэг болсон. Яах вэ боломжийн байдаг байлаа. “Үгүй” гэж хэлж чаддаггүйгээсээ болж аав маань архинд орж амьдрал бүүр новш болж эхэлсэн. Шөнө болгон аав согтуу ирж, тэгээд бас зүгээр байхгүй хүүхдүүд дундаасаа зөвхөн намайг л дуудаж босгоод дарамталдаг байлаа. “Чи айлын ганц эрэгтэй хүүхэд. Чи хатуу чанга хүн болох ёстой. Чи эгчийнхээ үгнээс гарах ёсгүй” гэх мэтийн үлэг болсон сургаалиа намайг номхон зогсоож байгаад л айлддаг байлаа. Шалихгүй ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл байсан юм байна одоо бодоход. Би бүр их сонин сонин юм боддог байлаа. Би аавын хүүхэд биш байх, болдог бол ээжээс асуучих юмсан гэх мэтийн гажиг юмнуудыг их боддог байсан. Бас заримдаа бүүр амиа хоролчмоор ч санагддаг үе байсан. Архи хүнийг жинхэнэ новш болгох юм даа. Эрүүлдээ манай аав шиг сайн хүн байхгүй юм шиг санагддаг. Гэтэл архи гээч хүнийг тийм өөр болгох юм даа. Аавыг орой эрүүл ирүүлээч гээч би бараг өдөр болгон залбирдаг байлаа. Надад тэр үед 10 төг ч мөнгө байлаа. Аавын ажил дээрээс аавын найз нартайгаа хоосолж хаясан архины шилийг нь цуглуулж тушаагаад хоолтой хонодог байлаа. Даахгүй нохой булуу хураана гэгчээр аав маань юм хийнээ гээл хэрэгтэй хэрэггүй новш их цуглуулна. Тэрнээс нь би трансформатор энэ тэрийнх нь зэсийг нь ялгаж аваад тушаачихдаг байлаа. Дараа нь загнуулнаа. Гэхдээ яаахав дээ ямар өлсөж үхэлтэй биш. Яаж би хулгайч болчоогүй юм. Тийм хэцүү амьдарч байсан байж би нэг ч удаа хүний юмыг зөвшөөрөлгүй авч байгаагүй юм шүү. Гэхдээ аавыг маань муу хүн гэж битгий бодоорой. Бид нарт маш их хайртай, магадгүй бидний нэгэнд нь золгүй явдал тохиолдлоо гэхэд дагаад үхчихэж ч мэдэх бид нарт маш их хайртай бас их эмзэгхэн хүн л дээ. Архи уухаараа л хүн биш. Ашгүй хүн гэдэг өсөх нь сайхан юм даа. Би ч том болсон аав ч номхон зогсоохоо больсон. Харин эсрэгээрээ би аавыг согтуу ирэхээр нь дарамталдаг болж эхэллээ. Аав маань ч хариугүй жаахан биетэй юм даа. 9-р ангид байхад би бүүр тэвчээр алдраад аавыг зодчихсон. Архи уулаа гэж бас бид нарыг тэжээж чадахгүй юм бол яах гэж төрүүлсэн юм бэ гэж. Тэр үедээ их зөв юм хийсэн юм шиг санагдаж байсан ч би тэрэндээ их харамсдаг. Бид нарыг тэжээх гээл хоол унд муутай ядарч турсан аавыгаа тэгэж зодсондоо маш их харамсдаг. Тэр үеийн амьдралыг бодохоор хар дарсан зүүд шиг л санагдаж байна. Сая бичиж байхад хоолой зангираад дотор сонин болж байна шүү. Би 10 жилдээ охинтой үерхэж үзээгүй. Онгирч байгаа юм биш л дээ надад хааяа охиноос захиа ирдэг л байлаа. Би идэх хоолоо яаая гэж байж юун найз охин энэ тэр вэ. Хэцүү биз дээ. Гэхдээ тэр үеийн сайхан дурсамжтай зүйлүүд ч бий. 10 жил ч гоё шүү хэхэ. Гэхдээ элэг бүтэн, эрүүл саруул өссөндөө хамгаас их баярлах юм даа. Одоо ч амьдрал сайжраад сүйд болсон юм байхгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан өлсгөлөн гэдэстэй уранхай хувцастай явахгүй л байна. Гэнэт яагаад багын дурсамж санаанд орвоо гэхээр би юмны үнэ хэт нэмэгдсэн талаар бодож байгаад л энэ нэмэгдэлт тэр үед болсон бол яах байсан болоо гэж гэнэт бодчихсон. Нээрээ л тэр үед ингэж нэмэгдсэн бол яах байсан юм болоо. Одоо миний тэр үеийнх шиг амьдралтай хүмүүст энэ үнийн хөөрөгдөл яаж тусч байгаа болоо. Бодохоос аймар. Ерөөсөө бодохгүй ээ. Стресст орохын нэмэр… Өө нээрээ намайг таньдаг хүмүүс миний энэ бичлэгийг уншсаныхаа дараа надтай харьцдаг харьцаагаа өөрчлөхгүй байхыг хүсье. Би ийм амьдралтай гэдгээ байнга л нуудаг байсан. Хоол хүнсний юмгүй болчоод л найзаасаа мөнгө гуйхдаа “Найздаа мөнгө зээлээч. Найзын төрсөн өдөр болчоод” ч гэдэг юм уу шал худлаа хэлж зээлнэ. Хэн ч байсан тэгэх л байх л даа. Би тэр үед хэнтэй ч зовлонгоо хуваалцаж байгаагүй. Гэнэт бичмээр санагдаад л биччихлээ. Ойлгоно биз дээ.

Monday, August 27, 2007

Надад зөвлөгөө өгөөч

Блогдоо бичлэг нэмсэнгүй их удлаа. Үүний шалтгаан нь бусад хүмүүсийнх шиг завгүй байсан биш, харин ч хэтэрхий завтай байснаас болсон юм шиг байна. Сонин юм шүү зав муутай байхдаа бичих юм олдоод байдаг байсан хирнээ зав гайгүй болохоор бичих юм олдохгүй юм. Сүүлийн 4 долоо хоногт хэлтсийн дарга амарсан учраас би гэдэг хүн ажлын цагаар интернетээр хэсэх, оройн цагаар “дота” тоглох гэсэн хоёрхон л ажлыг хийж байлаа. Тийм болохоор бичих юм олдохгүй байсан байх л даа. Нөгөө уншдаг байсан блогуудаараа ч орж уншсангүй удлаа. Одоо тэгтэл хэлтсийн дарга ажилдаа орж миний ажлаа хийх үе эхлэхэд хүмүүсийн блогоор орж уншиж, өөрийнхөө блог дээр бичлэг нэмж эхэлж байх юм. Энэ бүхний шалтгаан нь миний нэг хамгийн сул тал болох “өөрийгөө дайчлах чадваргүй” гэдэг зүйлээс л болоод байгаа юм. Энэнээс болж би олон боломжийг алдсан, алдаж байгаа, алдсаар ч байх юм шиг байна. Заавал хүний шахалт, шаардлагаар юм хийдэг. Өөрөө өөрийгөө дайчилж юм хийнэ гэж байхгүй. Ёстой сонин. Би энэ сул талаа арилгаж чадвал одоо байгаагаасаа хавьгүй илүү хүн болох боломжтой санагдаад байгаа юм. Харин миний давуу тал бол ямар ч юмыг оролдвол сурчихдаг. Тэгтэл сул тал нь дийлээд юуг ч өөрөө сонирхож оролддоггүй. Би тийм залхуу юм болов уу гэхээр үгүй юм шиг байгаа юм. Бодоод үзэхээр өглөө босоод, орой унтах хүртлээ бараг ганц ч хормыг зүв зүгээр сууж дэмий өнгөрүүлсэн удаа байхгүй юм шиг. Тэгэхээр би залхуу хүн биш. Зөвхөн өөрийгөө дайчлах чадваргүй нэгэн. Би үүнийгээ аль эрт мэдсэн, засахыг маш олон удаа хичээж байсан. Ажилд орох анкетан дээрээ хүртэл “таны сул тал” гэсэн талбарыг “өөрийгөө дайчлахдаа муу” гэж бөглөөд, дараа нь ярилцлаган дээр “өөрийгөө дайчлахдаа муу хүнийг ажилд авна гэдэг хэцүү л байна” гэж хэлүүлж байлаа шд. Би та бүгдээс зөвлөгөө авмаар байна.

  • Энэ сул талыг яаж арилгах вэ?
  • Өөрийгөө хэрхэн дайчилж сурах вэ?
  • Цагийг яаж үр ашигтай ашиглах вэ?
  • Яаж ном уншиж сурах вэ? Миний дургүй зүйл ном унших. Энэ бол бас л нэг том сул тал.
  • Англи хэлийг яаж бие даан сурах вэ? Энэ бараг нэн түрүүнд тавигдаад байгаа шаардлага.

Энэ бүгдэд та бүхэн зөвлөгөө өгвөл, мөн санаа оноогоо хуваалцвал би их баярлах болно шүү.

Нээрээ өнөөдөр миний төрсөн өдөр шд. Өглөө дөнгөж сэрэхэд л найзуудаас минь мессэжээр “мэнд” ирээд л, ажил дээр ирсэн чинь мессэнжрээр “мэнд” ирээд л гоё байна шүү. Сонирхолтой нь би өдий 22 хүрэхдээ анх удаагаа ийм олон хүмүүсээс “баярын мэнд” авч байна. Урьд нь энэ өдөр ер нь л жирийн өдөр шиг өнгөрдөг байлаа. Би найз нөхдийн хүрээнд тэмдэглэж үзээгүй. Гэрийхэнтэйгээ л тодорхой хэмжээнд тэмдэглээд өнгөрөөдөг байсан. 10 жилд байхад би өдийд дандаа хөдөө байдаг байсан. Хөдөөнийхөнд ямар төрсөн өдөр тэмдэглэнэ гэсэн ойлголт байх биш, тэгээд л жирийн өнгөрчихдөг байсан. Харин өнөөдөр арай өөр өнгөрөх юм шиг байна :). Би эрийн сайндаа төрөөгүй, ээж маань намайг төрүүлсэн болохоор энэ өдөр би өөрөө баярлахаас илүү ээжийгээ баярлуулахыг илүүд үздэг. Өнөөдөр ядаж эрүүл очиж ээжийгээ баярлуулна гэж бодож байна. :).

Monday, July 30, 2007

Body-гоо building хийлээ

Саяхнаас bodybuilding-д ажлынхаа хэдэн гаруудтай явж байгаа. Одоогоор хоёр л удаа яваад байна. Хамаг бие хөндүүр болсоноос өөр үр дүн гарахгүй л юм байна. Би бас их даварцаан. 2-хон явчаад үр дүн гарсангүй гээд байдаг. Энэ байдлаараа 3 сар яаж явнаа. Ядаж байхад ашигаа бодоод 3 сар явахаар мөнгийг нь төлчихсөн болохоор гүрийдэг л байх даа. 1 сар нь 35000, 3 сар нь 70000 болохоор 3 сар нь хамаагүй ашигтай байгаа биз дээ. Эхний өдрөөсөө л бие хөндүүр болчихсон хэцүү байна аа. Би өөрийгөө гайгүй биетэй(булчинтай) гэж боддог байсан чинь тэнд очоод мяа гэдгээ мэдэрсэн шүү. Мань нь очоод штангны голтой л үзэж тарж байхад гарууд бол дискнүүдийг тултал хийгээд л “хохь чинь” болгоод байх юм. Гэхдээ надаас чөргөр гарууд байна лээ л дээ. Тэнд нь бас аэробек хичээллэдэг юм байна лээ. Хэдэн Мария-нууд үсрээд л(хихи). Гэхдээ ганц хоёр гайгүй охин харагдаж л байна лээ. За тэр ч яахав. Нэг гомо гар тэнд бас явдаг юм байна лээ. Хэхэ өмссөн хувцсыг нь хараад л тэгэж дүгнэсэн юм. Үгүй ч байж болох. Аймар бариу жинсэн өмд өмсцөн аймар эвгүй харагддаг юм байна лээ шд. Бид нар шууд л гомо гэж бодсон. Нэг овоо булчинтай намхан ах байсан. Мөөм энэ тэр нь овоо хөгжжээ. Даанч гүзээтэй юм. Монголчууд дандаа тийм байх юм аа. Овоо булчинтай гарууд нь дандаа жирэмсэн юм шиг том гүзээтэй. Тэгэхээр ямар ч урам байхгүй. Нээх гоё гурвалжин биетэй байх ёстой байтал тэр гүзээ нь бөмбөг шиг харагдуулаад байгаа юм чинь. За хүн муулах ч яахав өөрөө л тийм болчихгүй юмсан. Идээд л суугаад байхаар тийм болох ч амархан л байх л даа. Сүүлийн үед 7 хоног болгон пиводоод байгаа пивоны гүзээ суучих вий дээ. За тэгээд шантраад хаячихгүй л бол 3 сарын дараа арай өөр болцон байх байлгүй дээ.